“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн

ТОЙМ
khandmaa@montsame.gov.mn
2025-05-07 21:39:21

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Халх голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны есдүгээр сард манай улсад айлчлах үеэрээ Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьсан билээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болох Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ялалтын баярын жагсаалд оролцох юм.

Өмнө нь 2015 онд болсон Ялалтын 70 жилийн ойн ёслолд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уригдан оролцож байсан бол манай зэвсэгт хүчний дайчид 2015, 2020 онуудад Москва хотноо болсон Ялалтын баярын 70, 75 жилийн ойн цэргийн сүрт жагсаалуудад оролцжээ. Энэ бол 1418 өдөр үргэлжилсэн дайныг ялалтаар дуусгахад Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн дурсан санаж байдгийн илэрхийлэл юм.  


Дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд БНМАУ-ын Бага хурлын ба Ардын Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид хамтран гаргасан тогтоолд “Зөвлөлтийн ард түмэнтэй эвдэршгүй бат найрамдалтай манай эрх чөлөөг эрхэмлэгч, тусгаар тогтносон улсын бүх ард түмэн фашистын Герман ЗХУ-д итгэлийг эвдэн халдсан довтолсныг туйлаас буруушааж, Зөвлөлт-Монголын ард түмний найрамдлыг бүх талаар бэхжүүлэн, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан Харилцан туслалцах тухай гэрээгээр хүлээсэн үүрэгтээ үнэнч байх болно” хэмээн илэрхийлжээ. Ингэснээр Монгол Улс фашизмын эсрэг эвсэлд оролцохоо дэлхий даяар хамгийн түрүүнд албан ёсоор зарласан бөгөөд дайны эхэн үед ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан гэдгийг нотлон харуулдаг.


Дайн эхэлсний маргааш өдрөөс Монголын ард түмэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор Улаан армид сайн дураараа туслах хөдөлгөөнийг өрнүүлж, 4 жил үргэлжилсэн дайны туршид монгол орон даяараа Улаан армийн гүн ар тал болж, ялалт байгуулахад нь ЗХУ-д бүхий л нөөц бололцоогоо дайчлан тусалж байлаа. 


Дайны жилүүдэд монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод илгээжээ.


1941 оны ХI сард Улаан армид зориулсан анхны бэлгийн цувааг илгээсэн бөгөөд түүнд 15 000 цэргийг иж бүрэн хангах хувцас байв. Энэ нь Москвагийн районд -40 хэмийн хүйтэнд Германы цэргийг бут цохиход үнэлж баршгүй их тус болсон нь дамжиггүй.


Улаанбаатар хотын Аж үйлдвэрийн комбинат, Төв цахилгаан комбинатын олон зуун ажилчин норм төлөвлөгөөгөө 400-гаас доошгүй хувиар давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа эдлэлгүй, өдөр бүр илүү цагаар цалин хөлсгүй ажиллах зэрэг санаачилгыг гаргаж байв.

Өөр хоёрхон жишээ дурдахад, “фронт Бадам” гэж алдаршсан Энгэлийн Бадам гуай 1942 онд ханиасаа хагацаж өрх гэрээ толгойлох хүнд ачааг үүрэх болсон ч мал сүргээ өсгөн үржүүлж, Улаан армид 1600 бог мал, 16 атан тэмээ, 10 агт морь, 10 000 төгрөг, олон зуун нэхий, хурганы арьс зэргийг бэлэглэж, 96 шилдэг сайн агт морио фронтод худалдсаныг архивын бичиг баримтууд нотолдог.

Мөн 1942 оны намар 1200 тэмээ бүхий монголчуудын бэлгийг ачсан жингийн цуваа Ховд хотоос гарч, ирэх очих 2700 гаруй км замыг 230 хоногийн хугацаанд туулан 5 мянган хүрэм, 10 мянган нэхий дээл, олон мянган ширхэг оймс, бээлий, 7 тн борц зэрэг 240 тн бэлгийг ЗХУ-ын Бийск хотод хүргэж байв. 

Түүнээс гадна Улаан армид бэлэглэх 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” цувааг эмхлэн бүрдүүлэхийн тулд Монголын ард иргэд идэвхийлэн хөрөнгө мөнгө хандивлаж, 4.5 сая төгрөг, З00 кг алт, 100 мянган ам.доллар цугларсныг БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-ын Гадаад худалдааны банканд шилжүүлсэн байна. Мөн фронтод байлдаж буй Зөвлөлтийн нисгэгчдэд “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилийг хүлээлгэн өгч байв.

Монголчуудын хөрөнгөөр эмхлэн байгуулсан танкийн бригад, нисэх хүчний эскадриль “Багратион” давшилтын ажиллагаа, Берлин ба Прагийг чөлөөлөх ажиллагаанд оролцож, дорнод Европын улс орнуудыг фашистуудаас чөлөөлөхөд хувь нэмрээ оруулсан юм. Нисэхийн эскадриль, танкийн бригадын бие бүрэлдэхүүний зардлыг монголын тал дааж байв.

Тавин гурван танк, 12 онгоц гэдэг бол ЗХУ-д үйлдвэрлэсэн болон холбоотон гүрнүүд болох АНУ, Их Британиас ленд-лизээр нийлүүлж байсан зэвсэг техникийн тоотой харьцуулшгүй цөөн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ монголчуудын нийлүүлсэн стратегийн ач холбогдолтой зарим төрлийн бараа бүтээгдэхүүн тоо хэмжээний хувьд АНУ, Англиас нийлүүлсэнтэй дүйцэхээр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Дэлхийн II дайны үед 132 сая хүн амтай байсан АНУ, 51 сая хүн амтай байсан Их Британи улсын эдийн засгийн хүчин чадлыг 1 сая хүрэхгүй хүн амтай БНМАУ-ынхтай харьцуулах аргагүй билээ

Дайны жилүүдэд америкчууд ЗХУ-д 665 мянган тонн консерв нийлүүлсэн бол монголын малчид үүнтэй ойролцооны хэмжээний буюу 500 мянга орчим тонн мах нийлүүлсэн гэх баримт бий. Бүр нарийвчилсан мэдээллээр, дайны 4 жилд Монголоос ЗХУ-д 700 мянган толгой үхэр, 6 сая орчим бог мал нийлүүлсэн ба фронт даяар алдартай “Бийскийн тушенк”-ийг монгол малын махаар хийдэг байжээ. Бийскийн мах комбинат хүчин чадлаа дээд цэгт нь тултал ашиглаж, дайны туршид хоногт 2 мянган толгой малын мах бэлтгэж байв. 

Ардын Сайд нарын зөвлөлөөс ангийн мах бэлтгэж бэлгийн цуваанд нийлүүлэх тухай шийдвэрийг 1942 онд гаргасны дагуу “Ангийн төв комисс” байгуулан, хөдөө орон нутагт туршлагатай анчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн зээр, зэрлэг гахай агнах ажлыг зохион явуулж байжээ.


Монголоос нийлүүлсэн 64 мянган тонн ноосоор Улаан армийн цэргүүдийн 5 шинель бүрийн нэгийг хийж байснаас гадна олон арван мянган ширхэг савхин ба нэхий хувцсыг фронтод бэлэг болгон илгээж байв.


Түүнээс гадна Германы “Барс”, “Ирвэс” танкуудын хуягийг цөм цохиж чадах их бууны сумыг хийхэд вольфрам буюу гянтболд гэдэг металл нэн хэрэгцээтэй байсан бөгөөд ЗХУ-д хамгийн ойр орших цорын ганц орд Монголд байжээ. 


Берлин хүрсэн монгол морьд

Зөвлөлтийн Улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх нь фронтод туслах ажлын нэгэн чухал хэсэг байв. Монголын малчин ардууд ”Сайн морьдоо улсдаа худалдъя” гэдэг уриан дор фронтод нийтдээ 485 мянган морь худалдаж, 32 538 шилдэг хүлгээ бэлэглэжээ.

Хэдийгээр дэлхийн II дайнд оролцсон улсуудын армиуд зохих түвшинд механикжсан байсан боловч дорнод фронтын шавар шавхайтай газраар зэвсэг техник, сум хэрэгслийг зөвхөн агт морьдоор л зөөвөрлөх боломжтой байв. Дайн эхэлснээс хойших ганцхан жилийн дотор Улаан арми нийт агт морьдынхоо талыг алдаж, 9 сая адуу үлдээд байсны ихэнх нь нас бие гүйцээгүй байжээ. Энэ хүнд цаг үед ЗХУ-ыг агт морьдоор хангаж чадах улс нь Монгол, АНУ хоёр л байв.

Гэтэл америк морьдыг далайгаар тээвэрлэж авчрах нь өртөг өндөртэй, бараг боломжгүй байсан тул адуу нийлүүлж чадах цорын ганц газар нь Монгол байлаа. Дайнаас өмнө Улаан армийн  дивиз бүр 3 мянга гаруй агт морьтой байсан гэж тооцвоос Монголоос нийлүүлсэн 500 мянган морьд 150-160 дивизийн зэвсэг техник, хүнс хэрэглэлийг зөөвөрлөж байжээ. Монгол малчдын бэлэглэсэн 32 мянган морь дайны үеийн 6 морин дивизийг эмхлэн бүрдүүлэхэд хүрэлцэх бол Улаан армийн хэрэгцээнд ашиглаж байсан 5 морь тутмын нэг нь монгол адуу байсан гэдэг. 


Америкаас ленд-лизингээр 375 мянган авто машин нийлүүлснээр Улаан армийн маневрлах чадвар сайжирсан гэж үздэг бол 500 мянга гаруй монгол адуу мөн адил ялалтад хувь нэмрээ оруулжээ. Аугаа их орны дайны жилүүдэд монголчуудын “ленд-лиз” нь маш чухал дэмжлэг болсон хэмээх нийтлэлдээ Оросын нийтлэлч Алексей Волынец “Монголчуудын адууны “ленд-лиз” нь маш цагаа олсон чухал тусламж байсан бөгөөд фронт дахь зүтгэх хүчний дутагдлыг нөхөж байсан хэмээн 2013 онд бичсэн байдаг. Улаан арми ид давшиж байх үед адууных нь тоо 1.9 саяд хүрч, зөвхөн Берлинийг чөлөөлөх тулалдаанд гэхэд нийт 100 мянган хүнтэй морин цэргийн дивизүүд оролцсоныг тооцож үзвээс моторт техникийн эрин үед ч агт морьдын үүрэг асар их байжээ. Бэлэн зэлэн жүчээ, арчилгаа маллагаа шаарддаггүй, өвс тэжээлээ өөрөө олоод идчихдэг, тэсвэртэй, өл сайн даадаг шандаст монгол морьд дайны хүнд хүчрийг үүрсэн талаар Зөвлөлтийн генерал И.А.Плиев дурсан ярихдаа “Тэсвэртэй монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлинд хүрсэн” гэсэн байдаг.

Түүнээс гадна дайнд нэрвэгдэн сүйрсэн Зөвлөлтийн бүс нутгуудыг сэргээн босгоход монголчууд мориороо тусалж байсан бөгөөд МАХН-ын Төв Хороо, Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолд “Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтралуудын зүтгэх хүчний хэрэгцээнд зориулан сайн дураараа морьд бэлэглэх“-ийг уриалж, ийнхүү тусалсан малчдыг Улаан армид морьд бэлэглэсэнтэй адилтган үзэж урамшуулж байв. 


Монгол Ардын Хувьсгалт Цэрэг

Монголын ард түмнээс үзүүлсэн сэтгэл санаа, эд материалын тусламжаас гадна Монгол Ардын Хувьсгалт Цэрэг буюу Монголын зэвсэгт хүчнээс ялалтад оруулсан хувь нэмрийг дурдахгүй өнгөрч боломгүй. Учир нь, Гитлерийн арми ЗХУ-д халдан довтолсноос хойш милитарист Японы цэргүүд Зөвлөлтийн Алс Дорнод руу дайрах магадлал улам их болсон учраас Алс Дорнод ба Дорнод Сибирийн районд Зөвлөлтийн нэг сая хүнтэй арми байрлаж байв. Энэ хүчийг дэмжих үүргийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг /МАХЦ/ хүлээжээ. Тухайн үед манай улс милитарист Японы эсрэг чухал түшиц газар байсан тул БНМАУ-ын удирдлага зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 4 дахин нэмэгдүүлж, улсын төсвийн 50 хувийг батлан хамгаалахад зарцуулж байв.

Зарим баримтаар, тэр үеийн Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 55 мянгад хүрч, орчин үеийн зэвсэглэл бүхий танк, их буу, нисэх хүчин, тээвэр, сапер, эмнэлгийн анги нэгтгэлүүдийг нэмж байгуулжээ. Ингэснээр МАХЦ Манжуурт байрлаж байсан 1 сая хүнтэй Квантуны арми ба түүний холбоотон Өвөр Монголын Дэ вангийн цэрэг, Манж-Гогийн армийн тодорхой хэсгийг тогтоон барьж байсан нь Зөвлөлтийн хэд хэдэн дивизийг Алс Дорнодоос Европт өрнөж буй байлдааны талбар руу шилжүүлэх боломжийг олгосон гэж Оросын topwar.ru хэмээх цахим хуудсанд бичжээ.

Эцэст нь, тусламжийн өөр нэг хэлбэрийн тухайд дурдъя. Энэ бол Монголд байнга оршин сууж байсан Зөвлөлтийн харьяат иргэдэд үзүүлсэн дэмжлэг юм. Манай улсад амьдарч байгаад Улаан армид дайчлагдсан тэдгээр иргэний ар гэр, ялангуяа байлдаанд оролцож тахир дутуу болсон, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж, орон сууц олгож байв. 

Дайны жилүүдэд Монголоос фронт руу 5 мянга гаруй орос иргэн /местный оросууд гэж нэрлэдэг/ болон монголчууд явсан бөгөөд тэдний тэн хагас гаруй нь буцаж ирээгүй тухай Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны мэдээлэлд дурдсан байдаг. Мөн дорнод фронт дээр Монголын 500 орчим иргэн сайн дураараа тулалдаж байсан бөгөөд анч удамтай олон хүн тагнуулч, мэргэн буучаар үүрэг гүйцэтгэж байсан тухай Оросын нэгэн цахим хуудсанд бичжээ. Тэр үед ЗХУ-ын цэргийн сургуулиудад сурч байсан Монголын сонсогчид Германы тагнуулуудыг илрүүлэх, нисэх буудлуудыг хамгаалах, хамгаалалтын суваг шуудуу ухах, тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгох, шархадсан хүмүүст туслахад оролцож байв. 

Энэ бүх баримт Ялалтын 70 жилийн ойн баярын өмнөхөн Оросын цахим хуудсуудад нийтлэгдэж байсан юм

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ