Хармаг жимсийг кг-ыг нь 1000 төгрөгөөр авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-23 14:49:07

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байгаа "Хатан жимс" цех хармаг жимсийг кг-ыг нь 1000 төгрөгөөр худалдан авч байгаа ажээ. Өмнө нь хармаг жимсийг хэн ч ийнхүү худалдан авч байгаагүй юм. Говьчууд тухайн цехийн үйлдвэрлэлийг дэмжин хармаг их хэмжээгээр авч ирж өгч буйг "Хатан жимс" цехийн хамт олон хэлж байна.

Тус цехийнхэн хармаг жимсний өтгөрүүлсэн шүүс, цай зэргийг үйлдвэрлэн худалдаанд нийлүүлж байгааг бид өмнө нь мэдээлж байсан. Энэ төрлийн үйлдвэрлэл нь Монголдоо анхдагч гэдгээрээ онцлог юм.

Хармагийг говийн унаган жимс гэж үздэг бөгөөд мазаалайн гол хүнс гэнэ. Говийнхон энэхүү жимсээрээ өөрсдийн гар аргаар дарс бэлтгэх нь ч бий. Нутгийнханы нэрлэж заншсанаар довцог, сондуул гэх томоохон бутанд өнтэй, бороотой жил улаан хүрэн болж харагдтал хармаг ургадаг билээ. Хармаг жимсний шүүслэг бие нь ойролцоогоор 5-8 мм байдаг байна.  Түүний доторхи хоёр талдаа үзүүртэй хатуу жимс үр нь бөгөөд ихэнх махчин амьтад зуны улиралд үүнийг ихээр идэж ходоодоо цэвэрлэдэг гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ