ДУНДГОВЬ: Ардын жүжигчин Н.Дагийранз агсны шагнал, эд зүйлсийг аймгийн Музейд хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-25 10:29:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз агсны шагналын одон медаль, тэмдэг, зарим эд зүйлийг Дундговь аймгийн музейн фондод хүлээлгэн өгөв.


Үүнд Н.Дагийранз агсны Ардын болон Гавьяат жүжигчин цол, Дундговь аймгийн "Хүндэт иргэн" цолын тэмдэг, бусад шагнал, одон медаль, малчны тамга, Ардын жүжигчин цол хүртэхдээ өмссөн үйтэн хуар дээл, эдэлж хэрэглэж байсан даалин зэрэг эд зүйл багтжээ.






Түүний эд зүйлс Булган аймагт охинд нь хадгалагдаж байжээ. Эдгээр эд зүйлийг Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй Соёлын тэргүүний ажилтан Д.Ганболд охинтой нь ярилцан, төрөлх аймгийн нь музейд хадгалуулах нь чухал болохыг зөвлөсөн аж.






Нямын Дагийранз Дундговь аймгийн Өлзийт суманд 1930 онд төрсөн. 1957 онд аймгийн клубт дагалдан жүжигчнээр орсноор уран бүтээлийн замаа эхэлж, улмаар Монгол кино үйлдвэрт 1990-ээд оны дунд үе хүртэл 40 шахам жил жүжигчнээр ажиллажээ.

1970-аад онд цөөн жил Өлзийт сумын клубийн эрхлэгчээр ажилласан бөгөөд зах зээлийн үед орон нутагтаа мал ахуй эрхлэн аж төрсөн. Н.Дагийранз 1959, 1962 онд болсон Монголын залуучуудын анхдугаар болон хоёрдугаар их наадамд "Хөхөө Намжил”, "Уулган шар" зэрэг алдарт домгийг аялгуулан хуурдаж, алтан медаль хүртэж байжээ. Түүний уран бүтээлийн амжилтыг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2000 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2013 онд Ардын жүжигчин цол олгожээ.

Тэрээр “Агуйн нууц”, “Талын цуурай”, “Тус биш, ус”, “Хонины найр”, “Бүлээн нурам”, “Уул усны үр сад”, “Сахиул уу, сахиус уу”, “Эх бүрдийн домог”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг 50 гаруй киноны гол болон туслах дүрд тоглож, “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Зайран зэрэг орчуулгын болон уран сайхны 300 орчим кинонд дуу оруулан, олон зуун жүжгийн дүр бүтээж, ерөөл магтаал, морин хуурын эрдмээ залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээсэн алдартай жүжигчин юм.  



Холбоотой мэдээ