ТӨВ: Аймгийн залуучуудын “Өглөөний уулзалт” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-19 16:39:16

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн залуучуудын салбар зөвлөл болон хөгжлийн зөвлөлүүдийн хамтарсан “Өглөөний уулзалт” боллоо.  Мөн 27 сумын залуучуудын хөгжлийн зөвлөлийн удирдлагууд цахимаар холбогдож мэдээлэл авлаа.

Уулзалтаар аймгаас залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд залуучуудын санал, санаачилгыг тусгах, төлөвлөгөө гарган хамтран ажиллах асуудлаар ярилцаж, хөгжлийн зөвлөлүүдэд батламж гардууллаа.


Залуучуудын зүгээс залуу төрийн албан хаагчид ажлын байран дээрээ тогтвортой ажиллах, тэдний нийгмийн баталгааг хангах, хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, залуу гэр бүлүүдийг ажлын байраар хангах, залуучуудын эрүүл мэндийн асуудалд анхаарах, залуучууд өөрсдөө оролцоогоороо манлайлах, аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлууд хийх талаар санал, бодлоо хуваалцав.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын зүгээс Залуучуудын гаргасан санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль"-д заасны дагуу Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах төсвийн асуудлаар 2023 оны аймгийн төсөвт 20,0 сая төгрөг тусгах, мөн сумдын Засаг дарга нарт доод тал нь 5,0 сая төгрөг сумын төсөвтөө тусгуулах чиглэл өгөхөө илэрхийллээ.


Мөн уулзалтын үр дүнд Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг 27 сум болон агентлаг, байгууллагуудын дэргэд 2022 онд багтаан бүрэн байгуулах, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, сум, байгууллагын түвшинд нэгдсэн уялдаа холбоотой батлан, хэрэгжүүлэхээр тогтов.

Ойрын хугацаанд сумын залуучуудын хөгжлийн зөвлөл, байгууллагын дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд "Өглөөний уулзалт"-ыг зохион байгуулж, орон нутаг, байгууллагын удирдлагуудтай уулзан, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж, төлөвлөхөөр шийдвэрлэлээ.

Салбар зөвлөл болон хөгжлийн зөвлөлүүдийн хамтарсан энэхүү "Өглөөний уулзалт"-ыг улирал бүр зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлагууд залуучуудынхаа санал бодлыг тогтмол сонсож ажиллахаар болсон байна.

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь аймгийн болон сумын засаг дарга нараар ахлуулдаг ба аймгийн хэмжээнд нийт 297 гишүүнчлэлийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Мөн аймгийн 27 сумаас 11 суманд Хөгжлийн зөвлөл байгуулсан ба 41 агентлаг, байгууллагаас 18 дээр зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн Соёлын болон эрүүл мэндийн гээд 2 салбарын зөвлөл байгуулагдан ажиллаж байна.


Холбоотой мэдээ