ГОВЬ-АЛТАЙ: Амжилт гаргасан багш, сурагчдыг 350 гаруй сая төгрөгөөр урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-03 17:31:06

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор "Багш - Эрдэнэ" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга  О.Амгаланбаатар албаны бусад төлөөлөл оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тус аймгийн ИТХ-аас баталсан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг шагнаж урамшууллаа.

Тодруулбал, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт болон улсын уралдаанд шавь нараа бэлтгэн шагналт байр эзлүүлсэн багш нар, аймгийн “Монгол бичгийн анги олимпиад”-д шалгарсан анги хамт олон, Сургуулийн өмнөх боловсролын ур чадварын уралдаанд шалгарсан багш нарыг урамшуулсан юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор хамгийн өндөр шалгагдсан Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн багш Б.Түвдэндорж, Ч.Дэлгэрмаа, “Хантайшир–Эрдэм” цогцолбор сургуулийн физикийн багш Л.Нямбаяр нарт тус бүр 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо. Мөн  хамгийн олон сурагч бэлтгэн оролцуулж нэг сурагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан нэгдүгээр сургуулийн математикийн багш Н.Доржмаад 7,000,000 төгрөг, бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан нэгдүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ү.Баярмааг 5,000,000 төгрөгөөр тус тус урамшууллаа. 


Хөтөлбөрийн хүрээнд нийт 80 багш, 11 сургууль, 21  сургалтын менежер, 74 сурагчийг 350,000,000 төгрөгөөр урамшуулсан тухай аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ