АРХАНГАЙ: 10 жил барьж буй усан бассейныг бүрэн дуусгахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-28 09:48:17

Архангай /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханы удирдсан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг есдүгээр сарын 23, 24-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллалаа.


Энэ үеэр тус аймагт барьж буй 1000 хүний суудалтай спортын цогцолбор болон барилгын ажил нь эхлээд 10 жил болж байгаа хүүхэд залуучуудын усан бассейны барилгын гүйцэтгэлтэй танилцаж, гүйцэтгэгч болон орон нутгийн удирдлагатай газар дээр нь уулзсан юм. Хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь буюу үлдсэн нэг сарын хугацаанд бүрэн дуусган ашиглалтад өгөх үүрэг өгч, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

 

Мөн Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай ажлын уулзалт хийж, биеийн тамир, спортын талаарх бодлого, шийдвэрийг танилцуулан тус аймагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажил, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Орон нутгийн зүгээс бүх талын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

 

Архангай аймагт 120 хүүхдийн дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 640 хүүхдийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн үйл ажиллагаатай БТСУХ-ны ажлын багийн гишүүд танилцаж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, сурлага, спортын амжилт хүсэв.

 

Мөн Архангай аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн, аймгийн спорттын ордон, цэнгэлдэх хүрээлэн, цанын баазын ажилтай танилцав.


Энэ үеэр зохиогдож байсан Ахмадын спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцон медаль гардуулан спортод амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны Жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулан өглөө.

Холбоотой мэдээ