ДАРХАН-УУЛ: Анхдагч үрийн аж ахуй хөгжүүлэх, тоног төхөөрөмж авахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар баталсан. Энэхүү тогтоол таван чиглэлийн хүрээнд 114 зорилтыг хэрэгжүүлж байна.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Болорчулуун, УИХ-ын
гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар, УИХ-ын гишүүн, УИХ дахь
МАН-ын бүлгийн дарга Т.Тогтохсүрэн нар Дархан-Уул аймагт ням гарагт ажиллалаа.
Тэд Ургамал, газар тариалангийн хүрээлэнд
ажиллаж хийж хэрэгжүүлж буй, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлын
талаар санал солилцлоо. Монгол Улсын төр засгаас хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлоготой
уялдуулан газар тариалангийн салбарын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг
боловсруулж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, сургалт
үр үйлдвэрлэлийг хосолсон үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготойгоор үйл
ажиллагаа явуулдаг Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс дараах асуудлыг танилцууллаа.
Таримал ургамлын нэр, төрлийг нэмэгдүүлж чанартай үр
үйлдвэрлэх, эрдэс болон шим бордоог системтэй үр ашигтай хэрэглэж хэвших,
усалгаатай тариалангийн технологийг шинэчлэх, ухаалаг тариалангийн технологийг
хөгжүүлэх хэрэгтэйг хэллээ.
Түүнчлэн үр тарианы анхдагч үрийн аж ахуйг хөгжүүүлэх, супер элит үрийг үйлдвэрлэх, тэдгээрт шаардлагатай тоног төхөөрөмж авахад хоёр тэрбум төгрөгийн тооцоо гарсан талаар УГТХ-ийн захирал Л.Баярсүх онцоллоо.
Тухайн шаардлагатай санхүүжилт нь агуулах, үтрэм барих,
комбайн, бага оврын техник авахад зарцуулагдах аж. Учир нь анхдагч үрийн аж
ахуйн үйл ажиллагааг явуулахад бага оврын техник шаардлагатай ажээ. Үүний
хэрэгжилтийг хангах, шаардлагатай санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх бололцоо бий эсэхийг
судлахыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, төсвийн байнгын хорооны дарга
Г.Тэмүүлэн нарт УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн
Т.Тогтохсүрэн хэлэхдээ: Бид хүнсний том
зорилт тавьсан. Цаашид уул уурхайгаас илүү хүнс, хөдөө аж ахуйн салбартаа
анхаарна. Энэ салбараа хөгжүүлэхийн тулд хамгийн гол нь судалгаа, эрдэм
шинжилгээний ажил. Тиймээс хөрсний ядуурлаас хэрхэн гарах, улаан буудайн
цавуулгыг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэв.
УГТХ-ийн эрдэмтдийн тухайд
хөрсөнд илүү анхаарч ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд газар тариалан эрхэлснээс хойш
60 гаруй жил өнгөрсөн. Жилд нэг хувь буюу хөрсний үржил шим 60 хувиар буурсан
гэдгийг ч онцолж байлаа. Хөрсийг сэргээхийн тулд бэлчээрийн мал аж ахуй, газар
тариаланг салгах, эсвэл хашаажуулахад анхаарах хэрэгтэй. Хэрэв талбайгаа
хамгаалж чадсан тохиолдолд жил бүр уринш хийх шаардлагагүй, байгалийн
бэлчээрээс илүү хамгаалах технологи нь бий гэв.