СҮХБААТАР: Ж.Чулуун начны нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болов

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-26 17:20:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон түмэнд Ерөнхийлөгчийн бөх хэмээн алдаршсан, Монгол Улсын начин Ж.Чулууны нэрэмжит хүчит бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар суманд боллоо.


Барилдаанд Монгол Улсын харцага Г.Бадрах, Монгол Улсын начин Б.Батжаргал тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх зодоглосон бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр зургаа даван түрүүллээ.


Аймгийн арслан Н.Өсөхбаяр нь Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн барилдаанд түрүүлж хурц чимэг нэмээд байсан билээ. Барилдааны шөвгийн дөрөвт Монгол Улсын харцага Г.Бадрах, Монгол Улсын начин Б.Батжаргал, Аймгийн хурц арслан Б.Номиндалай нар үлдэж, улмаар аймгийн хоёр хурц арслан үзүүр түрүү булаалдсан юм. Түрүү бөхийг 1,5 сая, үзүүрлэсэн бөхийг нэг сая, шөвгөрсөн бөхчүүдийг 500 мянган төгрөгөөр шагнасан бөгөөд Ж.Чулуун начны ах дүү нар хамтран шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүрийг нэг адуугаар байлав.


Сүхбаатар сумын ЗДТГ, Ёстын өсөх дархан бөхийн дэвжээ, Ж.Чулуун начны үр хүүхэд, ах дүү нар хамтран зохион байгуулсан тус барилдаанд урилгаар Монгол Улсын арслан Э.Оюунболд ирж оролцсон бөгөөд тэрээр сэтгэгдлээ хуваалцахдаа, суманд бөхийн дэвжээ байгуулж, томоохон барилдаан зохион байгуулна гэдэг үндэсний бөхийн спортыг сурталчилсан цаашлаад орон нутгаас шинэ залуу бөхчүүд төрөн гарах эхлэлийг тавьж буй зөв зүйтэй ажил гэдгийг тодотгов.

Ёстын өсөх дархан бөхийн дэвжээний зүгээс Ж.Чулуун начны үр хүүхэд, дүү нарт нь хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд энэхүү барилдаан нь начны төрөлх нутагт нь зохион байгуулж буй анхны барилдаан юм.

Холбоотой мэдээ