ДУНДГОВЬ: Канад улсын зөвлөх Маартин Инген Хаус Дундговьд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг болон MERIT төслийн хамтын ажиллагааны хүрээнд Канад улсын зөвлөх Маартин Инген Хаус тус аймгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулахаар уригдан иржээ.
“Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төсөл төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оноос хэрэгжиж буй төсөл юм.
Тодруулбал, уг төсөл зорилтот аймгуудын уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй байгуулдаг “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ”-г сайжруулах, уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэдийн хүртэх үр шимийг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэгддэг аж.
Зөвлөх Маартин Инген Хаус Канад улсад хамтын ажиллагааны гэрээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд 2017 онд Дорнод аймгийн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг сайжруулахад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Тэрбээр 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг
хүртэлх хугацаанд орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад оролцдог
албан хаагчдад орон нутаг, аж ахуй нэгжийн хамтран ажиллах гэрээний үр дүнг
нэмэгдүүлэх, гэрээний хэлэлцээр хийх, түүний хэрэгжилтэд хяналт шинжилгээ,
үнэлгээ хийх сэдвээр сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллах юм.