АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-22 08:49:01

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний халдвар авсан тухай Цагаан ордноос мэдээллээ. Түүнд пүрэв гарагт хийсэн коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарчээ. 


Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, өдгөө 79 настай Ерөнхийлөгч вакцинд бүрэн хамрагдсан тул "маш хөнгөн" шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.


Төрийн тэргүүн “Paxlovid” эмийг хэрэглэж байгаа гэж мэдээлж байна. Энэ нь “Pfizer” компанийн үйлдвэрлэсэн эм бөгөөд дархлааны систем халдвартай тэмцэж байх үед “Covid-19”-ийн вирусийн үржлийг дарангуйлж, бие дэх коронавирусний түвшинг бага байлгадаг байна. 


Цагаан ордны коронавирусний асуудлыг зохицуулагч доктор Ашиш Жа мэдэээлэл өгөхдөө, Ж.Байден халуураагүй ч хамраас нь нус гоожиж, хуурай ханиалгаж, сульдаж байна гэжээ.


Ж.Байден биеийнх нь байдал сайн байгааг твиттер хуудсандаа бичжээ. "Би маш сайн байна, хүмүүсээ. Санаа тавьсанд баярлалаа. Дөнгөж сая сенатч Кэйси, Конгрессын гишүүн Картрайт, хотын дарга Когнетти (мөн Скрантон дахь үеэл дүү нар) нар руу утасдаж, өнөөдрийн арга хэмжээг өнгөрөөсөндөө харамсаж байгаагаа илэрхийлэв" гэж тэрбээр бичсэн байна. 


АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдены Делавэрт өгсөн шинжилгээний хариу “сөрөг” гарчээ. Дэд ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт Хойд Каролинад үр хөндүүлэх эрхийн асуудлаарх арга хэмжээнд оролцсон байна. Дөрөвдүгээр сард ковидоос эдгэрсэн түүний сүүлийн шинжилгээ “сөрөг” гарсан болохыг Цагаан ордон баталжээ. 


Карине Жан-Пьерийн хэлснээр, Цагаан ордны протоколын дагуу Ж.Байден шинжилгээнийх нь хариу сөрөг гарах хүртэл тусгаарлалтын дэглэмд ажиллана. Энэ бүх хугацаанд тэрбээр утсаар болон "Zoom"-ээр уулзалтад оролцох аж.

Холбоотой мэдээ