ОРХОН: С.Ганцогт: Хүүхдүүд хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож байгаа нь бидний хүлээсэн үр дүн байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-05 14:48:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Даяаршлын эрин үед хүүхдүүдийг уламжлалт ёс заншил, соёл уламжлалтай нь ойртуулах, түүгээр дамжуулан амьдрах арга ухаанд сургах үүднээс Хөдөлмөрзуслан ажиллуулж буй Ёс заншлын цогцолбор-ын санаачлагч С.Ганцогттой ярилцлаа.


- Хөдөлмөр зусланг яагаад ажиллуулах болсон бэ? Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаа юугаараа онцлог вэ?

- Монгол ахуй соёл, түүх, уламжлалаар дамжуулан хүүхдүүдэд амьдрах ухаан, чадвар эзэмшүүлэх нь Хөдөлмөр зуслангийн үндсэн зорилго. Монгол хүний хувьд амьдрах арга ухаан бол нүүдлийн соёл иргэншил, дахин давтагдашгүй их өв уламжлал, соёл урлаг, түүх нь байдаг. Тиймээс ч Хөдөлмөр зуслангийн долоо хоногийн хөтөлбөрт ёс уламжлал, нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, түүх, ардын урлаг бүгдийг багтааснаараа бусад зуслангаас онцлог. Мэдээж хүний анхдагч хэрэгцээ болсон хоол хүнсээ бэлдэж, гэр орноо барихаас амьдрах арга ухаан эхэлнэ. Тиймээс амрагч хүүхдүүдэд ногоо тарих, цагаан идээ боловсруулах зэрэг их ажлын захаас зааж сургалаа. Үүгээр дамжуулан эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийн чухлыг ойлгуулж, хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэхийг зорилоо. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Энэ зарчмаар Хөдөлмөр зуслангийн үйл ажиллагааг явуулсан. Хүүхдүүд нэг өдрийг малчны хотонд өнгөрүүлж мал маллах арга ухаанд суралцсан. Амсхийх завгүй тэр өдрийн дараа тэдний ойлголт, мэдлэг аливаа зүйлд хандах хандлага эрс өөрчлөгдсөн нь анзаарагдсан. Тэд ядаж л хүний хөдөлмөрийг үнэлж сурсан.

- Хөдөлмөр зуслангийн эхний ээлжинд хэчнээн сурагч хамрагдсан бэ? Тэд долоо хоногийн хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талыг өөрсдөдөө бий болгож чадав?

- Хөдөлмөр зуслан бол хүүхдүүдэд адал явдалтайгаар суралцах боломжийг олгосон. Энэ удаагийн ээлжинд дөрвөн бүлгийн 46 хүүхэд амарлаа. Үүнд сургуулиасаа шалгарсан тэргүүний сурагчид, мөн нэг ангийн 26 хүүхэд хамт амарч байгаагаараа онцлогтой. Хөдөлмөр зуслан нэг удаагийн ээлжинд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч энэ удаад жишиг байдлаар зохион байгуулах үүднээс цөөн сурагч хүлээн авсан. Гэхдээ эхний ээлжийн сурагчид аяны богцоо дүүргээд, маш олон зүйлийн талаарх ойлголт мэдлэгээ бататгаад буцсан.

Мөн нийгэм даяаршихын хэрээр хүүхдүүдийн амьдралын хэв маяг их өөрчлөгдсөнийг анзаарлаа. Тэд маш оюунлаг, өөрийгөө илэрхийлэх, ярих чадвар асар өндөртэй байгааг хараад их бахархлаа. Харин ахуй соёл, аливаа зүйлд хандах хандлага, ур дүй жаахан муутай байгаа анзаарагдсан. Энэ бол тэдний буруу биш л дээ. Тиймээс зуслангийн хөтөлбөр хүүхдүүдийн хувьд шинэлэг, шинэ ертөнц байж чадлаа.

- Хөдөлмөр зуслан цаашид үргэлжлэх үү? Эцэг эхчүүдийн сэтгэл ханамж хэр байсан бэ?

- Хөдөлмөр зуслан бол Ёс заншлын өргөө анх байгуулагдахад төлөвлөгөөнд тусгагдсан ажил. Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд олон газар хамтран ажилласан. Аймгийн БШУГ, Соёлын газар, Увс аймгийн нутгийн зөвлөл маш их үүрэг гүйцэтгэн хамтран ажилласан. Тиймээс энэ олон хүний хичээл зүтгэлийн дүнд зорилгоо л биелүүлсэн байх хэрэгтэй гэж харж байгаа. Зуслангийн тав дахь өдөр эцэг эхчүүд ирж хүүхдүүдээ эргэсэн. Хүүхдүүдийнхээ сурч мэдсэн зүйлсээр бахархаад, багш нарт талархлаа илэрхийлээд буцсан. Энэ л бидний зорилго, бас үйл ажиллагаанд өгсөн гол оноо юм.

- Ёс заншлын цогцолбор-ын цаашдын үйл ажиллагааны чиглэл, хэтийн зорилго юу вэ?

- Ёс заншлын цогцолбор бол олон хүний итгэл, сэтгэл, хичээл зүтгэлийн хүчээр боссон бүтээн байгуулалт. Анх байгуулагдахад Баян-Өндөр сумын ЗДТГ-аас 190 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Мөн гадна талбайн тохижилт, үйлчилгээний нийт өртөг 1.7 тэрбум төгрөг болсон. Тус цогцолборыг 2020 онд Баян-Өндөр сумын ЗДТГ-ын өмчид шилжүүлсэн.

Ер нь бол монгол ёс заншлыг сурталчилдаг, соёлын үрийг цацдаг газар байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа хөдөлмөр зусланг санаачлан хэрэгжүүллээ. Цаашид ч орон нутгаас зохион байгуулалттайгаар энэ ажлыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Миний хувьд санаачилсан ажлаа эхлүүлээд, үр дүнг нь харууллаа. Цаашид цогцолборын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэдгийг онцолмоор байна. Харин цогцолборын хэвийн үйл ажиллагааг аймгийн Соёлын газар үргэлжлүүлээд аваад явах боломж бий. Мөн орон нутгийн өмчит газар болгон ашиглах боломжтой. Түүнчлэн хувийн хэвшилд хувьчилж өгөөд, төр өөрийн дэмжлэгээр дэмжээд явж бас болно. Миний хувьд хамгийн сүүлийн хувилбар болох хувьчилах нь арай дээр гэж бодож байна. Цогцолбор бүрэн чадлаараа ажиллавал 200 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой гэж тооцоолж байгаа.

-Баярлалаа.

 

Холбоотой мэдээ