Ган гачгийн улмаас Италийн таван бүс нутагт онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-07-05 09:44:36

РОМ. /ANSA/. Ган гачгийн улмаас Италийн таван бүс нутагт онцгой байдал зарласан байна. Тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас даваа гарагт мэдээлснээр, "По голын хөндий болон зүүн Альпийн нурууны бүстэй залгаа, мөн харилцан шүтэлцээтэй газруудад усны нөөцийн хомсдол үүссэнтэй холбогдуулан Сайд нарын зөвлөлийн хурлаар энэ шийдвэрийг гаргажээ". 


Онцгой байдлын дэглэмийг Эмилиа-Романья, Фриули-Венец, Жулиа, Ломбард, Пьемонт болон Венето мужид тогтоосон байна.  


Энэхүү дэглэм нь эрх баригчдад ган гачигтай шуурхай тэмцэх, хууль тогтоомжийн ердийн процедурыг тойруулан шинэ арга хэрэгслийг ашиглах, мөн бүс нутгуудад тусламж үзүүлэхэд нэмэлт хөрөнгө илгээх боломжийг олгох юм. 


Үүнээс гадна, Засгийн газар Онцгой байдлын үндэсний сангаас 36.5 сая евро хуваарилсан бөгөөд ихэнх хэсгийг нь Эмилиа-Романья (10.9 сая евро), Ломбард (9 сая евро) мужууд руу илгээнэ гэж мэдээлэлд дурдсан байна. 


Италийн хамгийн төв бүс болох Лацио нутагт түймэр дэгдсэн байна. Зөвхөн даваа гарагт л гэхэд тус нутагт 100 түймэр бүртгэгдсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. 

 

Италид сүүлийн долоо хоногт агаарын температурын шинэ дээд үзүүлэлтүүд бүртгэгдээд байгаа юм. Бороо орохгүй байгаагийн улмаас По голын болон Апенниний хойд хэсэгт гол мөрний усны түвшин сүүлийн 70 жилд байгаагүйгээр доошилсон байна. Ган ганчиг нүүрлэсэнтэй холбоотойгоор Верона хотод цэвэр усны хэрэглээнд хязгаарлалт тавьсан бол Миланд усан оргилууруудыг хаажээ.


Альпийн нуруунд агаарын температур энэ улиралд тохиолдож байгаагүй өндөр хэмд хүрсэн нь ням гарагт Мармолада мөсөн голыг нурахад хүргэж, улмаар доод тал нь долоон хүн амиа алдаж, найман хүн бэртжээ. Шинэчлэгдсэн мэдээллээр, 13 жуулчин, түүний дотор гадаадын гурван хүн сураггүй болсонд тооцогдож байна. Даваа гарагт ослын газарт очсон Ерөнхий сайд Марио Драги эмгэнэлт явдлын шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэж мэдэгдээд Засгийн газар сөрөн зогсох арга хэмжээ авах ёстой гэж цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ