ГОВЬ-АЛТАЙ: 800 оноо авсан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-27 16:26:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан сурагчдад өнөөдөр сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох батламж гардууллаа.

Говь-Алтай аймагт 800 гаруй шалгуулагч 10 хичээлээр /давхардсан тоогоор 2200/ Элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Үүнээс аймгийн хэмжээнд дөрвөн сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ. 

Тодруулбал, Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Дөлгөөн математик 800, 12а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ нийгэм 800, 12б ангийн сурагч Б.Болортуяа нар 100 хувийн гүйцэтгэлтэй шалгалтаа амжилттай өгсөн байна. Харин  Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Даваажаргал, Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.болортуяа нар монгол хэлний хичээлээр 790 оноо авчээ. Эдгээр хүүхдүүд аймгийн засаг дарын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт ийнхүү хамрагдахаар боллоо.

Өнөө жил Говь-Алтай аймгийн төгсөгчид математик, монголын түүх хичээлүүдийн шалгалтад амжилттай дүн үзүүллээ. Нийгмийн тухай мэдлэг хичээлийг хамгийн олон төгсөгч сонгон шалгалтад оролцсон бол монголын түүх, газарзүй, орос хэлний хичээлийг хамгийн цөөн төгсөгч сонгосон байна. 2022 оны ЭЕШ-д нийт 678 төгсөгч, /606 нь өдрийн анги/ оролцсоноос 600-аас дээш оноотой 298, 700-аас дээш оноотой 51 хүүхэд, 800 оноотой гурван хүүхэд байна.

Энэ жилийн шалгалтаас эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг цахим болгосон бөгөөд зургадугаар сарын 28-наас эхлэн өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан БҮТ-ийн сайт руу хандаж, Шалгуулагчийн булан хэсгээр нэвтэрч хэвлэн авах юм байна. Мөн е-mongolia системд байршуулах тул ТҮЦ машинаас хэвлэн авах боломжтой хэмээн аймгийн Боловрол, шинжлэх ухааны газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ