Украины дайн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад аюул учруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-06-27 16:06:02

БЕРЛИН. /DW/. Украинд явуулж буй Оросын түрэмгийлэл зовлон зүдгүүр, үхэл хагацал, эвдрэл сүйрэл дагуулахын сацуу уур амьсгалтай холбоотой үлэмж үр дагаврыг учруулж байна.


Тухайлбал, олон тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, сөнөөгч онгоц, танк, ачааны тэрэгнүүдээс ялгарч буй хорт хийг тооцоолоход хүндрэлтэй байна. Үүнээс гадна Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал нь дэлхийн уур амьсгалын зорилтод шууд бус аюул учруулж байна.


Энэхүү зөрчил нь дэлхий нийтийн газрын тос, байгалийн хийгээс хамааралтай байдлыг тодотгон харуулж байгаа бөгөөд эдгээр түүхий эд нь Оросын дайны машиныг санхүүжүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Өрнөдийн орнууд өөр хувилбарыг эрэлхийлж байгаа энэ үед олон орон илүү их бохирдол үүсгэх эрчим хүчний эх үүсвэрийг сонирхох болжээ.


Тодруулбал, Европын Холбооны хувьд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцаа түргэтгэхийн оронд Оросын хийг АНУ-ын хийгээр орлуулахаар төлөвлөж байна. Мөн Герман тэргүүтэй орнууд эрчим хүчний хямралыг даван туулахын тулд нүүрсний уурхайнуудаа дахин нээхээр зорьж байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.


Дайн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад эрсдэл учруулж байна

Германд зургаадугаар сарын 26-наас эхлэн гурван өдөр үргэлжлэх “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн удирдагчид Украины зөрчлөөс үүдэлтэй уур амьсгалын нөлөөллийн талаар хэлэлцэх төлөвтэй байна гэж Германд төвтэй “Perspectives Climate Group” зөвлөх фирмийн мэргэжилтэн Аксель Михаэлова мэдээлжээ.


“Долоогийн бүлэг” дайнаас үүдэлтэй эрчим хүчний асуудлуудыг зохицуулахаар ажиллаж байна. Үүсээд буй нөхцөл байдал нь “Долоогийн бүлэг”-ийн орнуудыг Парисын хэлэлцээрээр тохиролцсон уур амьсгалын зорилтууддаа хүрэхэд нь улам хүндрэлтэй болгож байна” гэж тэрбээр хэлжээ.


А.Михаэлова нь өнгөрсөн долоо хоногт Германы Бонн хотноо болсон уур амьсгалын асуудлаарх бага хурлын үеэр танилцуулсан тайланг ахлан боловсруулсан бөгөөд үүнд цэрэг арми болон зөрчил мөргөлдөөнөөс үүдэлтэй хорт хийн ялгарлын тооцоог илүү нарийвчлан гаргахын ач холбогдлыг цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ