Цэрэг-спортын “Дөл” тэмцээн эхэллээ

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-05-14 14:15:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол Улсын зэвсэгт хүчин Даян дэлхийд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг  тохиолдуулан Цэрэг-Спортын “Дөл” тэмцээн өнөөдөр эхэллээ.
Хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд аймгийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн ахлах ангийн 
240 сурагч 16 баг болон оролцож байна. Оролцогчид хагас сарын хугацаанд хагас цэрэгжилтийн байдалтай бэлтгэл хийж, хоёр өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, эсээ бичлэгийн уралдаан, галын бэлтгэлийн норматив, марш гүйлт гэсэн гурван үе шаттай 12 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.

Цэрэг-Спортын “Дөл” тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут, Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Д.Жигжидсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Засаг дарга С.Батжаргал “Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд оролцогчдод амжилт хүсэн, сургуулийн удирдлагууд болон сурагчдын ар гэр, бэлтгэл хангасан багш нарт талархлаа илэрхийлэв. Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг эл тэмцээний улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард болно.

Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж буй  Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын “Дөл” тэмцээний ялагчид улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ зуны саруудад гарах юм.






Холбоотой мэдээ