“Худалдааны гудамж”-ны үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдөр эхэлнэ

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-05-10 15:04:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд худалдааны гудамж бий болгож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрх болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихээ аймгийн Засаг дарга илэрхийлсэн. Өнөөдөр энэ талаар Дархан сумын ЗДТГ болон холбогдох байгууллагууд худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдэд хандан мэдээлэл хийлээ.

Бэлтгэл ажил хангагдсан, одоо бүртгэл хийж байгаа аж. Ойрын өдрүүдэд асар байрлуулах бөгөөд 5 дугаар сарын 15-ны  өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд гудамжны худалдаа, үйлчилгээ явуулахаар болжээ. Дархан сумын 11 дүгээр баг, Найрамдал талбай, Эрдэнэтийн гүүр, Тосгон орчим, Дархан-50 цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Морин хуур” цогцолбор зэрэг найман нэгж талбарт худалдаа, үйлчилгээ явуулах бөгөөд дөрвөн үндсэн байгууллага хариуцан ажиллах ажээ. Хотын төвд мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүн худалдах боломжгүй тул дээрх байршлуудад ангилж, үйлчилгээний чиглэлийг нь тусгажээ.

Тодруулбал, 16 давхраас ОХУ-ын консулын уулзвар хүртэл 1610 м2 талбайд үйлчилгээ эрхлэх долоон байршилтай аж. Энэхүү хэсгийг аймгийн ХХААГ хариуцан ажиллах юм. Тус газарт худалдаа, хоол үйлдвэрлэх чиглэлээр 76 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулна. Нэг асар 3х3 метр хэмжээтэй бөгөөд хоёр худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулна. 4х2.5 метр хэмжээтэй саравч байрлуулах бөгөөд мөн хоёр худалдаа эрхлэгч нэг дор үйл ажиллагаа явуулах аж. Дээрх талбайд нийт 10 орчим зөөврийн хоол үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулах судалгаа гаргажээ.

Эрдэнэтийн гүүр буюу 140 дүгээр шалган нэвтрүүлэх хэсгээс баруун тийш төмөр замын гармаас Хараа голын гүүр хүртэлх 1613 метр газарт хоол үйлдвэрлэл явуулах аж. Энхүү хэсгийг Дархан сумын ЗДТГ хариуцсан ажиллахаар болжээ.

Залуучууд театрын өмнөх “Найрамдал” талбайд хоол үйлдвэрлэл, автомашинтай худалдаа, асрын худалдаа гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ нэгдүгээр эгнээний 1-4 дүгээр асарт хүнсний ногоо, 5-8 дугаар асарт хүнс, хоёрдугаар эгнээ 1-8 дугаар асар бараа, гуравдугаар эгнээний найман асарт бусад бараа гэсэн төрлөөр худалдаа явуулах боломжтой гэдгийг онцоллоо.

Мөн талбайн авто зогсоолыг ашиглан иргэд автомашин дотроосоо худалдаа эрхлэх юм. Асар ашиглах, худалдаа эрхлэгчдийг ХХҮГ-ын бүртгэлд оруулж тус газар зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Нийт 24 асрын худалдаа гарах бөгөөд 144 иргэнийг түр ажлын байраар хангах, нөөц 24 асрыг бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн тус талбайд хоол үйлдвэрлэлийн 25 иргэн, автомашин, өөрийн асартаа үйлчилгээ явуулах боломжтой. Хог хаягдлын тухайд тусгай хогийн сав байрлуулж өдөр бүр 19.00 цагт ачих, нөгөөтэйгүүр нийтийн бие засах газрыг түр Залуучууд театрт төлбөртэй ажиллуулах аж. Цаашид нийтийн зөөврийн бие засах байгууламжийг байршуулахаар төлөвлөжээ.

Тосгоны 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт мах, сүү, ногооны худалдааг 20 иргэн, ААНБ, бусад төрлийн худалдааг 20 худалдаа эрхлэгч явуулах боломжтой аж. Уг худалдааны хэсгийн аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс хариуцан ажиллахаар болжээ. Тус хэсэгт амьд малын худалдаа, машинтай худалдаа явуулах аж. Нийт 80 худалдаа эрхлэгч энэхүү хэсэгт үйлчилгээ явуулах боломжтой ажээ.

Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн бүс болох “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 52 байршил /цахилгаан эрчим хүчээр хангахгүй/, “Дархан-50” цогцолорт 21 байршил /цахилгаан эрчим хүчээр хангана/, “Морин хуур” цогцолборт машинтай худалдааг гурван иргэн явуулах боломжтой ажээ.

Худалдаа үйлчилгээ явуулах дээрх байршлуудаас “Дархан-50” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулах иргэдээс төлбөр авах бол бусад бүх байршилд түрээсийн төлбөр авахгүй ажээ. Мөн бүх газарт нийтийн бие засах газрыг шинээр байгуулах аж.

Үйл ажиллагаа явуулах байршлаа сонгоод хариуцсан төрийн байгууллагатай түр болон урт хугацааны гэрээ байгуулах боломжтой ажээ. Тодруулбал, иргэд өөрсдийн худалдаалах зүйлээ хагас болон бүтэн өдөр, нэг болон түүнээс дээш хоногоор худалдаалах гэж байгаа бол тэрхүү хугацаагаа хариуцаж буй байгууллагадаа хэлж гэрээ хийх юм. Ингэж түр ажлын байр суларсан тохиолдолд дараагийн иргэнд худалдаа явуулах нөхцөлийг хангаж өгөх ажээ.

Дээрх байршлуудад үйл ажиллагаа явуулах иргэд хүнсний эрүүл ахуйг сайтар хангах, ойр орчмын хог хаягдлыг тогтмол цэвэрлэх, хотын ногоон байгууламжийг сүйтгэхгүй байх ёстой. Мөн хариуцсан болон мэргэжлийн байгууллагуудын өгсөн үүрэг, чиглэлийг дагаж мөрдөх хэрэгтэйг Дархан сумын ЗДТГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ