Өсвөрийн шигшээ багийн тамирчдын сэтгэлзүйтэй ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-05 12:39:38
Хэнтий /МОНЦАМЭ/ “Оюунлаг спортлог Хэнтийчүүд” ТББ-аас зохион байгуулж буй “Би монгол хүн” төслийн хүрээнд өсвөрийн шигшээ багийн тамирчдын сэтгэлзүйтэй ажиллах ээлжит сургалтыг зохион байгуулав.
Аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр Биеийн тамир, спортын газар, "СЕНТ ЛУЙС" олимп судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Хэнтий аймгийн шигшээ багийн 44 тамирчин, шигшээ багийн 20 багш, дасгалжуулагчийг хамруулж тамирчны сэтгэл зүйг бэлтгэх, тамирчны сэтгэл зүйг бэлтгэхдээ төрөлх монгол хүн төвтэй үзлийг хослуулан бэлтгэж буйгаараа онцлогтой юм.
Энэ удаад Өсвөрийн шигшээ багийн тамирчид төдийгүй спортоор хичээллэн эхэлж байгаа сурагчдад "Тамирчны сэтгэл зүйн байдал, үр нөлөө" багц сэдвээр “Оюунлаг спортлог Хэнтийчүүд” ТББ-ын тэргүүн, аймгийн БТСГ-ын Захиргаа, удирдлагын албаны дарга Г.Солонго сургалт явууллаа.
Мөн Шатрын багш, дасгалжуулагч, Спортын мастер Ч.Эрдэнэ-Очир тэмцээний үеийн тамирчны сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ, спортын хүмүүжил, дасгалжуулагчийн онцлог зэрэг туршлагаасаа хуваалцаж, өсвөрийн шигшээ багийн тамирчдад мэдээлэл хүргэлээ.
Г.Солонго хэлэхдээ“ -2005 оноос хойш аймгийн Засаг даргын дэргэд өсвөрийн шигшээ багийг бэлтгэж ирсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд үе үеийн аймгийн удирдлагууд шигшээ багийг дэмжиж, багш, дасгалжуулагчийн урамшуулал, тамирчнаа бэлтгэх орчин нөхцөл бүрэн хангагдсан. Тиймээс багш, дасгалжуулагч бид шинэлэг зүйл хийхийг эрмэлзсэн. Дэлхий нийтийн спортын чиг хандлага спортын сэтгэл судлал руу илүүтэй анхаарч, хөгжүүлж байна. Тиймээс тамирчны сэтгэл зүйг бэлтгэх ажлыг Монгол орны нэг аймаг, Хан Хэнтийнхээ сурагчдад яагаад эзэмшүүлж болохгүй гэж. Тиймээс бие бялдрын хувьд, техник тактикийн хувьд ч, амжилтад асар их нөлөө үзүүлэх сэтгэл зүйн хувьд ч бүрэн бэлтгэгдсэн шилдэг тамирчид бэлтгэх эхний алхмыг хийлээ. Спортын сэтгэл зүй сургалтын хөтөлбөрт ороогүй, шинэлэг ажил, санаачилга. Цаашид хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Төслийн маань нэр ч “Би монгол хүн”. Монгол хүн гэдэг биеийн хөгжил, ур чадвар, сэтгэл зүйгээр бусдаасаа юугаараа онцлогтой юм. Би хэн бэ, би яагаад монгол хүн гэдгээрээ бахархах ёстой вэ гэдэг үндсэн суурь ойлголтыг багш, дасгалжуулагч нар, тамирчдад өгч байна” гэв.



Холбоотой мэдээ