Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид оролцоогоо тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-04 19:28:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид уулзалт хийж, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн оролцоог тодорхойлов.

Тус уулзалтад Хүүхдийн төлөө аймгийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан баг, Хүүхдийн элч, Иргэдийн хурлын төлөөлөгчид, байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхдийн төлөөлөл 86 хүн оролцжээ.

Энэ үеэр аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг “Хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн, Сайнцагаан сумын Мандал сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Долгормаа “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, гарц шийдэл” сэдвээр илтгэл тавьж, оролцогчид саналаа салбар хуралдаанаар хэлэлцэн танилцуулсан юм.

Б.Долгормаа илтгэлдээ томчууд хүүхэдтэй харьцахдаа “хүүхэд шиг бай, том хүн шиг бай” гэж зөрүүтэй ойлголтоор ханддаг, явган хүний замаар явж байхад ч согтуу жолооч дайрахгүй гэх баталгаа байхгүй, уралдаанч хүүхдүүдийн амь хамгаалагдаагүй, дэлгүүрүүд хүүхдэд тамхи согтууруулах ундаа зардаг гэсэн асуудлыг хөндөж, энэ бүхэн хүүхдүүдэд “айдас” төрүүлж байгааг онцоллоо.

Тэрээр илтгэлдээ “өнөөдөр сургалтын орчинд хичээлээс гадуурх дугуйлан, секцийн хуваарь давхацдаг, хүүхэд өөрөө сонголтоо хийгээд боломжтой цагтаа сурч хөгжих боломж байдаггүй, хүүхдүүдийн санаа бодол, зорилгыг мохоож, няцаадаг, хүүхдийн өмнөөс томчууд сонголт хийж тулгадаг байдал нийтлэг байгаа ба энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж, ингэснээр хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.  

Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд багш нартай нээлттэй хэлэлцүүлэг хийх, хүүхдийн сонсох өдрийг зохион байгуулах, хүүхдүүдэд зориулсан хүмүүжлийн, хөгжил оролцооны контент бэлтгэх, Хүүхэд хөгжлийн өдөрлөгийг сургууль бүр дээр хийх, сумдын хүүхдүүд рүү чиглэсэн хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эцэг эхчүүдэд хандсан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахыг тэрээр санал болгосон юм.

Тус хэлэлцүүлэгт оролцогчид 1.Хүүхдийн эрхийн асуудалд аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, 2.Хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал, 3.Хүүхдийн хөгжлийн орчин ба дэд бүтэц, 4.Хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүл, эцэг эхийн үүрэг оролцоо, 5.Эрх зүйн орчин, чиг үүргийн хэрэгжилт гэсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцоогоо тодорхойлсон байна.   

Дундговь аймгийн хэмжээнд нийт хүн амын 35,9 хувийг 18 хүртэлх настай хүүхэд эзэлдэг. 2021 оны байдлаар тус аймагт бүтэн өнчин 34, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 12, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 3, хөгжлийн бэрхшээлтэй 198, эрсдэлт нөхцөлд амьдардаг 1435, гэмт хэрэгт оролцсон 14, хурдан морь унаач хүүхэд 845, асрамж, халамжийн төвд 3, хөдөлмөр эрхэлж буй 29 хүүхэд байна.  

2021-2022 онд аймгийн хэмжээнд бэлгийн хүчирхийлэл 10 орчим үйлдэгдсэн бөгөөд цаашид энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллах, хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдүүдийг байрлуулах түр хамгаалах байртай болох, хүүхдийн төлөө үүрэг хүлээгч байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах шаардлага байгааг аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг илтгэлдээ онцолжээ.

Холбоотой мэдээ