Урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоонд иргэд хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-01 17:45:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орон даяар өнөөдрөөс эхэлж буй “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-ны нээлтийн ажиллагаа Дундговь аймагт боллоо. 

Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар тус үзлэг, оношилгоог зохион байгуулах журмыг баталж, бүх иргэнийг зургаан насны багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.

Урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоог хийх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулжээ.

Насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу тус төвд ирж, үзлэг, оношилгоог хийлгэх юм.

Харин урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг 17 хүртэлх насны хүүхдийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд үзлэгт хамруулах ажээ.

Үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд өөрсдийн харьяаллын сум, өрхийн эрүүл мэндийн төвд урьдчилан хандаж, урилгаа авах бөгөөд үзлэг оношилгоо хийлгэх хуваарийн дагуу очиж үйлчилгээнд хамрагдах ёстой юм.

Ийнхүү өнөөдрөөс тус аймагт Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв” болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “урилга” олгосон хүүхэд, насанд хүрэгчдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэллээ.

Аймгийн төвд зохион байгуулсан нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын болон Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс зэрэг байгууллага оролцож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаарх гарын авлага материал тарааж, мэдээлэл зөвлөмж өгчээ.

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэнэ.

Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн бүр эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ