Монгол, Бангладеш дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-25 16:27:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заманыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Элчин сайд Махбуб Уз Заман Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардууллаа.


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол, Бангладеш дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Бангладеш Улстай улс төрийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.


Элчин сайд Махбуб Уз Заман Монгол, Бангладешийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж, бизнесийн байгууллага хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ