“Цагаан сарнай-2022” бүжгийн спортын тэмцээнд 237 тамирчин оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-04-25 15:45:00

Төв /МОНЦАМЭ/ Бүх нийтийн биеийн тамир, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, бүжгийн спортыг Төв аймагт түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цагаан сарнай” бүжгийн тэмцээнийг 2 дахь удаагаа зохион байгууллаа.

"Цагаан сарнай" бүжгийн спортын тэмцээнийг анх 2019 онд зохион байгуулж, Төв аймгийн 19 сумын 48 багийн 418 тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд 18 сумын 25 багийн 237 тамирчин оролцож, нас насны ангиллын хос болон соло төрлүүдэд өрсөлдлөө.

Тэмцээний шүүгчээр Монголын бүжгийн спортын холбооны шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж, үр дүнг “Скейтинг систем” компьютерийн программаар бодож гаргасан бөгөөд тэмцээнд оролцож байгаа тамирчид, багуудын бэлтгэл сайн байгааг шүүгчид онцолж байв.

Тэмцээнд оролцсон хамтлагуудын нийлбэр дүнгээр Э.Нандинцэцэг дасгалжуулагчтай Борнуур сумын "Нандин" клуб тэргүүлж, дэд байрт Ж.Наранбаатар дасгалжуулагчтай Зуунмод сумын "Хүслийн жигүүр" клуб, гутгаар байрт н.Оюунчимэг дасгалжуулагчтай Баяндэлгэр сумын баг тус тус шалгарлаа.

Тус тэмцээнийг Төв аймгийн ЗДТГ, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Төв ОНХөтөлбөр, Монголын Бүжгийн спортын холбоо, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Соёл урлагийн газар, Монгол туургатан театр, “Мөнхийн Баян гал” ХХК хамтран зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ