Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын талаар холбогдох албаныханд 13 зөвлөмж хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-12 15:22:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.


Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэхэд аудит хийсэн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Ингэхдээ ЭМЯ, Хүний эмийн зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, НДЕГ, ТЕГ, ГЕГ, МХЕГ-ын орон нутгийн засаг, захиргааны нэгж болон бусад холбогдох байгууллагын 2018-2020 оны үйл ажиллагааг хамруулсан байна. Аудитаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны анхааралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргад 5, Сангийн сайдад 1, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1 зөвлөмж өгснийг Ерөнхий аудитор танилцууллаа.


Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгох алхам болсон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, эмийн чанарт хяналт тавьж буй лаборатори шинжилгээний зарим аргыг ашиглах боломжгүй, биоэквивалент судалгааг хийж эхлээгүй зэргээс хэрэглэгчдийг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангасан гэж үзэх боломжгүй байгаа аж. Мөн Эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тогтвортой, үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүйгээс уламжлалт эмийн түүхий эд импортоос хараат байгаа нь эмийн түүхий эдийг дотоодоос бэлтгэх, тарималжуулах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатайг харуулж байна хэмээн танилцууллаа.


Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй эмийг хөнгөлөлттэй үнээр олгосон, жагсаалтыг батлах нэгдсэн стандарт, шалгуургүйгээс нотолгоонд суурилсан, эмчилгээний зааварт ороогүй зарим эмийг жагсаалтад оруулсан нь хүртээмж, санхүүжилтийн үр нөлөөг бууруулж, үнэ олон улсын жишгээс өндөр байгаа аж.


Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, М.Оюунчимэг нар аудит үүргээ гүйцэтгэсэн байна хэмээн байр сууриа илэрхийлээд тайланд заасан дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллахыг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонссоноор хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ