Дорнодынхон Д.Отгондалайг дэмжиж хандивын аянд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-29 17:59:38

“Рио-2016” Олимпийн наадамд оролцож байгаа Азийн наадмын аварга, Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалайд өссөн нутаг Дорнодынхон нь их итгэл хүлээлгэж, хандивын аян өрнүүлж байна. 

Түүний дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаа ажиллаж байгаа юм. Дасгалжуулагчийн зардлын асуудал хүндхэн байсан учир тус аймгийн ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатар хандивын аянд 120 хүнийг нэгтгэж, тус бүр 50 мянган төгрөг хандивлавал хүрэлцээтэй гэсэн тооцоо гаргажээ. Түүний энэ санаачилгыг Турк улсад ажиллаж, амьдарч байгаа Дорнод нутгийн бүсгүй Урнаа Сүрэнгээс эхлээд Дорнод аймаг дахь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн А.Хүрэлбаатар, шинээр сонгогдсон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид нэгдсэнээр хоёр хоногт шаардлагатай зардлын талаас илүүг цуглуулжээ.

Аяныг санаачлагч Р.Зоригтбаатар ярихдаа, "Тамирчны амжилт дасгалжуулагчаас 90 хувь хамаардаг. Отгондалайн хувьд Ё.Төмөрбатаа багшийн унаган шавь юм. Олимпийн наадамд анхны багштайгаа оролцвол сэтгэл зүйн болон тоглолтын тактикийн хувьд илүү итгэлтэй байна. Дорнод нутгаас Олимпийн аварга, медальтан төрөөсэй хэмээн  уг аянд олон хүн нэгдсэнд баяртай байна. Энэ ажлыг шуурхайн зохион байгуулсан Дорнод медиа.mn сайтынханд талархлаа илэрхийлье" гэв.

Мөн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дарга Сергей Невзоров Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатааг дэмжихээ илэрхийлжээ.

                                                                                                                             Б.ТУЯА  

Холбоотой мэдээ