Дорнод аймагт барилгын салбар үүссэний 60 жилийн ой тохиов

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-29 17:39:08

Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой ирэх 9 дүгээр сард тохиохтой зэрэгцэн Дорнод аймагт барилгын байгууллага үүссэний 60 жилийн ой болох юм.

Дээрх тэгш ойнуудыг угтаж тус аймгийн Барилгачдын холбоо, Архитекторчдын эвлэлийн салбар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн салбар, Монголын зураг төсөвчдийн болон барилгын инженер зохион бүтээгчдийн холбооны салбар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран энэ өдрүүдэд аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнөөр барилга, нийтийн аж ахуйн дэд бүтэцтэй холбоотой тулгамдсан асуудал, Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн талаар болон холбогдох хууль тогтоомжтой холбоотой асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой ойлголтод хүрэх гэнэ.  Дорнод аймагт барилгын чиглэлээр баримтлах бодлого чиглэлийг тодорхойлсноор орон нутагтаа мэргэжлийн чадварлаг ажилтан бэлтгэх, барилгын материалын үййлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх чиглэлийг барьж ажиллах зорилттой байгаагаа  аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар ярив.

 Энэ удаагийн аймгийн зөвлөгөөнд дээрх мэргэжлийн байгууллага, холбоодын 40 гаруй удирдах ажилтан  оролцож байна.

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар барилгын тусгай эрх зөвшөөрөл бүхий 54 компани үйл ажиллагаа явуулдгаас гадна 50 гаруй жилийн түүхтэй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежтой гэдгээрээ давуу талтай.

                                                                                                                                                  Б.Туяа

 

Холбоотой мэдээ