ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, бодлогоор дэмжих шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-08 10:05:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 


Өнөөдрийн чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулав. Тэрбээр, "Цар тахал, олон улсын хурцадмал байдлаас үүдэж санхүүгийн болон мэдээллийн дайн дэгдэж дэлхийн суурь инфляцад нөлөөлж байна. Монгол Улс дэлхийд хамгийн анх цар тахлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар өнгөрсөн хугацаанд 5.4 их наяд төгрөгийг халамжид зарцуулсан. Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авсны үр дүнд хоёр жил дараалан цахилгаан, дулааны төлбөрөөс иргэн, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлсөн. Вакцинжуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлснээр, 40 мянган хүний амийг аварсан гэх судалгааг эрүүл мэндийн салбарынхан танилцуулж байна" хэмээн эхэнд онцлов. 


Цаг үеийн байдалтай холбогдуулан Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон улсын хямралт байдлаас үүдэлтэй гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгааг тэмдэглэв. Гэхдээ энэ хууль олон улсын хямралт нөхцөл байдалтай холбоотой хямралыг шийдэхэд чиглэсэн түр зуурын арга хэмжээ гэдгийг тодотголоо. Тэрбээр, "Энэхүү эдийн засгийн чуулганаар суурь тулгамдсан асуудлыг гаргаж ирэх нь зүй. Манай улсын гол хүндрэлтэй асуудал бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ доройтуулсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг дэмжих, санхүү, төсөв, татвар, мөнгөний бодлогыг хэрэгжүүлээгүй гэж хэлж болно. Зээлийн хүү 10-аас дээш хувь байхад үйлдвэрлэл хөгжих боломжгүй" гэлээ. 

Манай улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай. Нийт экспортын бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхай, дөрвөн хувь нь ноолууран бүтээгдэхүүн эзэлдэг байна. Үндсэндээ нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр хангалтгүй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв.


Сүүлийн 10 жилд манай улсын импортын тансаг хэрэглээ хэтэрсэн, тухайлбал, архи, тамхины импорт 250 сая ам.долларт хүрч байв. Сүүлийн 12 жил улсын төсвийн данс алдагдалтай, үүнээс болж өр нэмэгдэж, өрийн эрсдэл, удирдлага алдагдсан. Үндэсний үйлдвэрлэлгүй тул ажилгүйдэлтэй, ажилгүйдэл ихтэй тул ядууралтай байгааг тодотгов. 


Манай улсын эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байсан үед Тавантолгойн ордыг ашиглаж эхэлж байсан бөгөөд түүнээс хойш жил бүр эдийн засаг уруудсан байна. Манай улсын ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Бидний суурь экспортын бүтээгдэхүүний 83 хувь нь ганц боомтоос хамааралтайг УИХ-ын дарга дурдав. 


Төлбөрийн тэнцэл, урсгал данс алдагдалтай тул хөрөнгө оруулалтыг зээлээр нөхсөнөөр, өр ихээр хуримтлагдсан. Үүнийг таслах ганц арга зам нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх явдал гэдгийг онцоллоо. 


"Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж мөнгөний бодлого, зээл, татварын асуудалд бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай. УИХ-аас өмнө нь онцгой стратеги хэрэгжүүлж зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсэн ч олон улсын хурцадмал байдлын улмаас ханшийн шок үүсэж, төв банк бодлогын хүүгээ нэмэхээс аргагүйд хүрсэн" гэлээ. 


Мөн тэрбээр, хөрөнгө оруулагчдаас авсан судалгаагаар төрийн тогтворгүй байдал нь хүндрэл учруулж байна гэж дүгнэжээ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 25.7-д Хөгжлийн бодлого тогтвортой байна гэж тусгасныг тэмдэглэж, энэ дагуу холбогдох хуулиудыг батлан гаргасныг онцлов. 


Мөн тэрбээр, уржигдар нээлтээ хийсэн Д-Парламент аппликейшнийг танилцууллаа. Тус аппликейшнээр иргэдийн оролцоотой хууль баталдаг, ил тод, нээлттэй парламенттай улс болж байгаа юм. Энэхүү аппликйешнээр, 

  • Хууль тогтоох ажилд иргэдийн оролцоог хангах
  • Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, гомдлыг хүлээн авч төрийн тогтолцоонд тусгах,
  • Санал асуулгаар 100 мянган хүнээс дээш санал авсан тохиолдолд тухайн асуудлыг УИХ хэлэлцэх, 
  • Төрийн мэдээлэл сэтгүүлийг цахим хэлбэрээр гаргаж Монгол Улсын өнцөг булан бүрт дижитал хэлбэрээр хүргэх, 
  • Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслийн явцын талаарх мэдээллийг гар утсанд нь хүргэх зэрэг ач холбогдолтой юм байна. 

Манай улсад хамгийн анх 1996 онд интернэт нэвтэрч байсан үед 500 гаруй хэрэглэгч байсан бол өдгөө нийт хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас ашиглаж интернэтэд холбогдох болсон гэх судалгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. 


Ташрамд дурдахад, хоёр өдөр үргэлжилж буй энэхүү чуулганыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй юм. "Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Холбоотой мэдээ