Ковид-19 халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-05 19:32:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх сарын аяныг эхлүүллээ.

Дархлаажуулалтын хамрагдалт 2022.03.31-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нэгдүгээр тун 86 хувь, хоёрдугаар тун 83 хувь, гуравдугаар тун 54.5 хувь, дөрөвдүгээр тун 3 хувь хамралттай байгаа нь нэмэлт тунгийн дархлаажуулалт аймгийн хэмжээнд хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаа сэргэх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг өвчлөл, хүндрэл, нас баралтаас сэргийлэх, шинэ мутацийн тархалтаас сэргийлэх давуу талтай.

Сарын аяны хүрээнд ХӨСҮТ-ийн бэлдсэн коронавирусний халдварын талаарх мэдээллийг эрүүл мэндийн салбарын бүх ажилчид цахим орчинд түгээх, иргэдийн хандалтыг тандах, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалсан постер, видео шторк мэдээллийг орон нутгийн телевиз, лед дэлгэц, эрүүл мэндийн нэгжүүдийн цахим хуудсаар олон нийтэд түгээх юм байна. Мөн СЭМТ-үүд явуулын дархлаажуулалтад хамрах иргэдийн тоо, явах маршрутыг төлөвлөн алслагдсан багт очиж иргэдийг нэмэлт дархлаажуулалтанд хамруулах, 14 болон түүнээс дээш недельтэй жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, нэмэлт тунгийн дархлаажуулалтанд иргэдийг бүрэн хамруулах, оновчтой үйл ажиллагаа зохион байгуулах ажлууд өрнөх юм.

Холбоотой мэдээ