Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудалд холбогдсон албан тушаалтанд хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-05 13:08:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн асуултад хариулав. 


Засгийн газрыг огцрохыг шаардсан хүмүүс цөөнгүй байгааг дурдаад, түүнээс байр суурийг нь тодруулав. Мөн монгол төгрөгийн ханш суларч байгаа энэ үед чиглэл хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох эсэхийг лавлалаа. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улсад алдаа, оноотой олон зүйл бий. Гэхдээ авлигатай тэмцэх тэмцэлд би бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний санааны зоргоор огцордог субьект биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дунджаар Засгийн газар 1.5 жилийн "настай", олон удаа солигдсон байна. Миний хувьд, тогтвортой ажилладаг, сонгодог парламентын засаглалд шилжихийг хүсдэг. Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлыг ард иргэдтэйгээ хамт даваад гарна" хэмээв.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг огцруулж байсан. Төрийн өмчит газруудад хариуцлага тооцож байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайдын хувьд хамгаална. Монголбанк амаргүй цаг үед ажиллаж байна. Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хэвээр хийнэ. Авлигын асуудалд холбогдсон, өөрийн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй байгаа албан тушаалтантай хариуцлага тооцно. Амаргүй хүнд цаг үеийг сөрөн тэмцэж байгаа төрийн албан хаагчийг харин ч хамгаалах ёстой" хэмээв. 

Холбоотой мэдээ