“Өөрчлөлтийг өөрөөсөө гэрэлтүүлье” 21 хоногийн сорилт төслийг хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-01 16:30:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Гэрэлтдэг ертөнц” сургалтын төв, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны салбар, Оёдолчдын холбоо, Үсчин гоо сайханчдын холбоо болон сайн дурын залуучуудын бүлэг хамтран “Өөрчлөлтийг өөрөөсөө гэрэлтүүлье” 21 хоногийн сорилт төслийг  хэрэгжүүлж, үр дүнгийн уулзалтаа хийв.

Тус төсөлд 9 бүсгүй оролцож, өөрийгөө өөрчлөхийн төлөө 3 дугаар сарын 8-наас 21 хоногийн хугацаанд цаг зав, сэтгэл, хөдөлмөр, хөлс, хүчээ гаргаж, тэднийг өөрчлөхийн төлөө 28 хүнтэй сайн дурын залуучуудын баг ажиллажээ.

Төслийн хугацаанд хувь хүнийг хөгжүүлж, харилцаа хандлагыг өөрчлөх, гоо сайхан, эсгүүр, оёдол, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжих, санхүүгийн боловсрол олгох гээд олон сургалт хийжээ.

Энэ хугацаанд бүсгүйчүүд сургалтаар олж авсан мэдлэгээ чадвар, дадал болгохын төлөө хичээж, харилцаа, хандлагаа өөрчлөн, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, бие бялдрын болон оюун санааны асар их өөрчлөлтийг хийж чадсан байна.

Үр дүнгийн уулзалтын үеэр төслийн оролцогч бүсгүйчүүдийн хувьд гарсан өөрчлөлт, төсөл эхлэхийн өмнөх болон дуусах үеийн зургийг харьцуулан танилцуулж, үйл ажиллагааны үр дүнг харууллаа.

Төслийг санаачлагч Э.Цэвэлмаа хэлэхдээ “завгүй, шахсан, сунаж ажилласан өдрүүдийг үдлээ. Энэ их ажлын ард гарахад бид нар сайн дураараа том баг болж ажиллаж, хамтарч ажиллаж чаддагийн жишээг харууллаа. Энэ төслийг анх удаа туршиж байгаа учраас алдаа, оноо байсан. Богино хугацаанд манай оролцогчид өөрсдийгөө өөрчлөхийн төлөө нэг минутыг ч сул өнгөрүүлээгүй гэдгийг онцолмоор байна.

Дэмжиж, тусалж, оролцсон ТББ-ууд, хамтрагчид, дасгалжуулагчид, багш нартаа баярлалаа. Бид хажуудаа байгаа эрдэнийг мэддэгүй юм байна. Орон нутагт байгаа энэ мундаг багш нартайгаа хамтарч ажилласан нь энэ төслийн давуу тал байлаа. Оролцогч 9 эмэгтэй маань өнөөдөр өөрсдөө эсгүүрээ гаргаж, өөрсдийнхөө гараар оёсон даашинзаар гоёлоо. Энэ бол бодит үр дүн юм. Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг ийнхүү хамтран хэрэгжүүлж, өнөөдрийн энэ амжилтыг бий болгосон  та бүхэндээ дахин талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Төслийн оролцогчид уулзалтын үеэр өөртөө гарсан өөрчлөлтийг хуваалцсан юм. Бүх оролцогчид завгүй байсан хэдий ч аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлж, маш их өөрчлөлт гарч, өөрийгөө олж авсан гэдгээ илэрхийлсэн.  

Тэд хаана явж байгаагаа, мөн хаашаа явахыгаа мэдсэн, үнэ цэнээ олж, мөрөөдлөө бодит болгосон, айдсаа давж чадсан, өөрийгөө нээсэн, эрүүл мэндийн хувьд оюун санааны хувьд өөрчлөгдөж, гэр бүлдээ, хамт олондоо харилцаагаа сайжруулж, энэ төсөл үр дүнгээ өгсөн гэдгийг онцоллоо. 

Холбоотой мэдээ