Мал төллөлт 26,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-27 12:26:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр тус аймгийн хэмжээнд мал төллөлт 26,1  хувьтай байна.

Тодруулбал, нийт 1,357,169 хээлтэгч мал төллөхөөс 354,891 нь төллөж, төл бойжилт 99,8 хувьтай, 354,211 төл бойжиж байна. 

Өнгөрсөн өвөл агаарын дундаж температур нийт нутгаар 12,3 – 17,1 градус хүйтэн байсан нь олон жилийн дунджаас 2,1 – 5,1  градусаар дулаан байжээ.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар 12,0 – 16,7 градус хүйтэн байсан нь олон жилийн дунджийн орчим байсан бөгөөд энэ сард нийт нутгаар 1-14 өдөр түр зуур 10 - 19 м/с салхитай байжээ.

Харин 3 дугаар сарын дундуур аймгийн ихэнх сумын нутгаар цас орж, агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө 8-18 градус хүйтэн, өдөртөө 1-12 градус хүйтэн байсан бөгөөд Салхины хувьд  3 дугаар сарын 14-нд Сайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Луус, Хулд сумын нутгаар 16-20 м/с, зарим үед 24 м/с, бусад сумаар 9-14 м/с, бусад хугацаанд 7-12 м/с салхитай байсан гэж УЦУОШТ-өөс мэдээлсэн.

Ирэх 4 дүгээр сарын дундаж агаарын температур нутгийн өмнөд хэсгээр +8-аас +12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байх ба хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа аж.

Хаврын саруудад ихэнх нутгаар хуурай, дулаан байх нөхцөл бүрдээд байгаа бөгөөд салхи шуурга ихтэй байж болзошгүй тул хүчтэй салхи шуурганаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмжийг дагаж, сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхааруулсан байна.  

Холбоотой мэдээ