Цагааннуур сум цаа буга, Шаамар сум зөгийн бүл хамгийн олныг тоолуулжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-03-23 09:30:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гахай, шувуу,  цаа буга, илжиг, зөгийн бүл, туулай гэсэн 6 төрлийн тэжээвэр амьтны 2021 оны тооллогын дүнг Үндэсний статистикийн хороо (ҮСХ) сайтдаа байршуулжээ. Тэжээвэр амьтны тоо илжигнээс бусдынх нь тоо толгой төрөл тус бүрээр  өссөн дүн мэдээ гарсан байх юм. Гэхдээ малын тоо толгойн хэмжээнд хүрч өсөөгүй. Тэжээвэр амьтдаас гахай, шувуу хоёр хамгийн олон аймаг  нийслэлд тоологджээ.


Шувууны хувьд 2020 онд 997 мянга 150 өндөглөгч тоологдсон бол 2021 онд сая 156 мянган өндөглөгч тоологдон тоо, толгой нь өссөн байх жишээтэй. Гахай тоо толгойн хувьд 2020 оныхоос 6000 өсжээ. Тэжээвэр  амьтдын тоо, толгойноос илүүтэй  аль аймагт хэд төрөл байдаг тухай  байршил болон тархац нь хүний анхаарлыг татах магадлалтай. Ийм учраас аль аймаг хэдэн төрлийн  тэжээвэр амьтантай талаар авч үзье. Шувууны хувьд 21 аймаг нийслэлд тоологджээ. Харин гахай нийслэл болон 18 аймагт тоологдсон байх юм.


Энэ хоёр төрлийн тэжээвэр амьтны дараа зөгийн бүл тоо, толгойгоороо орсон. Зөгийн бүл 14 аймаг нийслэлд тоологдсон байна. Тэднээс Сэлэнгэ аймгийн Шаамар сум хамгийн олон Зөгийн бүлтэй. Цаа буга ганцхан Хөвсгөл аймаг, тэр дундаа Цагаан нуур суманд тоологдсон байна. Энэ маягаар авч үзвэл Илжиг 8 аймаг, нийслэлд, туулай нийслэлээс гадна  7 аймагт тоологджээ. Тэгвэл нийслэлд  6 төрлийн  тэжээвэр амьтнаас  хамгийн олон буюу 5 төрөл нь тоологдсон байх юм.



Тэгвэл Хөвсгөл аймагт гахай, туулай, илжиг, Говь-Алтай аймагт цаа буга туулай тоологдоогүй. Мөн Баян-Өлгий, Ховд аймагт гахай тоологдоогүй байна. Улаанбаатар нийслэлд  6 төрлийн тэжээвэр амьтдаас ганцхан Цаа буга тоологдоогүй гэсэн дүн мэдээ гарчээ.

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сум Зөгийн бүл хамгийн олныгХөвсгөл аймгийн Цагаан нуур сум хамгийн олон цаа буга тоолуулсан байх жишээтэй. Эндээс харвал зах зээлд бүтээгдэхүүн нь хурдан борлогдох боломжтой гахай (мах), шувуу (өндөг), зөгийн бүл (бал) төрлийн амьтдыг манай иргэд илүүтэй тэжээжээ. Тэр дундаа зах зээл томтой нийслэл, түүнийг тойрсон аймаг суманд илүүтэй үржүүлсэн бололтой. Түүнээс гадна хүм нь 40 мянга, түүнд дөхсөн  аймгийн төвийн сумууд бий, Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвлөрч байгаа зэх зээлийг  дагасан шувууны аж ахуйг иргэн, аж ахуйн нэгжүүд өсгөн үржүүлж байгаа нь энэ тоон мэдээллээс ажиглагдаж байна.

Холбоотой мэдээ