Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 60 хувьд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-21 15:34:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврээс энэ жил 569 автобус хасагдахаар байгаа. 2022-2024 онд энэ тоо 1063-т хүрнэ хэмээн Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр онцоллоо.


Мөн тэрээр хэлэхдээ, “Байгальд ээлтэй цахилгаан автобус оруулж ирэх тооцоо, судалгааг хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Нийтийн тээврийн газраас цахилгаан автобусны  угсраа, давхар, их багтаамжийн, дунд оврын автобус гэсэн дөрвөн чиглэлээр техник үзүүлэлтийг гаргаад байна. Цахилгаан автобус нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд, алслагдсан цэгүүд дээр цэнэглэгч байршуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс энэ жил 591 автобусыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.


Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутамд 124 чиглэлд 1432 автобус үйлчилгээнд гарч байж иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2022 онд 60 хувьд, 2023 онд 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.


Тус хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хаврын бүтээн байгуулалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон сануулсан юм.



Холбоотой мэдээ