Долоо хоног бүр хичээнгүй бичигтнээ тодруулдаг уламжлал тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-16 10:10:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын “Сайн - Оюут” сургууль МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо 100 хувь захиалан уншиж, сонины гар бичмэлийн булан дахь эх бичвэрийг бичин, долоо хоног бүр хичээнгүй бичигтнээ тодруулдаг уламжлал тогтжээ.

Түүнээс гадна сургуулийн анги, танхимын хаягийг монгол бичгээр хаягжуулан, албан бичиг хөтлөлт, жижүүр багшийн тэмдэглэлийг монгол бичгээрээ бичиж, үндэсний бичиг үсгээ хичээнгүйлэн суралцаж байна.

Өлзийт сумын “Хэлний бодлогын салбар зөвлөл”-өөс төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичигтэн хамт олон” аяны үйл ажиллагаанд багш, ажилтан, албан хаагчдын бичсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Шударга уншигч ” уралдаанд бага ангийн багш Д.Ариунаа, мэдээлэл технологийн багш С.Жаргалсайхан нар шалгарсан бол “Сайхан бичигтэн” шалгаруулах уралдаанд бага ангийн багш Б.Наранзул, газарзүйн багш Х.Одгэрэл нар бусдыгаа манлайлжээ.

Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, академич, доктор, профессор Шадавын Лувсанванданы нэрэмжит Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд байгуулагдсан улсын ууган 100 сургуулийн нэг. Тус сургууль нь өдгөө нийт 507 сурагч, 56 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль Их эрдэмтэн Ш.Лувсанванданы нэрэмжит “Хэл бичгийн олимпиад”-ыг жил бүр зохион байгуулдаг ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил тасраад байсан бол сургуулийнхаа түүхт 100 жилийн ойгоо угтан нэрэмжит олимпиадыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Их эрдэмтэн Ш.Лувсанвандан багшаараа овоглосон “Сайн - Оюут” сургуулийнхан үндэсний бичиг үсэг, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг түүхт сургуулиудын нэг бөгөөд тус сургуулийн 12 дугаар ангийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улс, аймгийн дунджаас дээгүүр үнэлэгдэж, жил бүр аймагтаа 1-3 байрт шалгардаг байна.

Холбоотой мэдээ