Д.Ганбат: Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах хороо байгуулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-04 12:06:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ сэдвээр Төрийн ордны А танхимд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Хөгжлийн банкийг 2011 онд анх Монгол Улсыг хөгжүүлэх том төслийг санхүүжүүлэхээр, БНСУ-ын менежментийн баг үйл ажиллагааг нь хариуцахаар байгуулсан. Гэтэл 2012 оноос менежментийн багийг өөрчилсөн бөгөөд Хөгжлийн банкны чиг үүргийг УИХ хэлэлцэн баталдаг ч бодлогын зөвлөл байгуулж, хяналт шалгалтаас гаргаж байсныг цохон тэмдэглэх нь зүй. Хөгжлийн банкны тухай хуульд 2017 онд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцэх заалтыг өөрчилж, тухайн банкны асуудлыг ТУЗ шийдвэрлэдэг байхаар болсон. Үүний уршгаар маш том луйврын систем бий болсон. Цаашид ч энэ байдал даамжрах хандлагатай тул нэн даруй таслан зогсоох нь чухал байна" хэмээсэн юм. 


Хөгжлийн банк 2017 оноос өмнө хоёр мянган зээлдэгчид зээл олгосон бөгөөд эргэн төлөлт 95.5 хувьтай байв. Харин 2017 онд хуульд өөрчлөлт оруулснаас хойш 50 гаруй аж ахуйн нэгжид 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон. Түүний 55 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтаж байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат онцлов. Тэрбээр, "Ард түмэн ядуу, эдийн засаг хүндрэлтэй байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хамгийн сүүлд өгсөн мэдээгээр, 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 49.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн гэж байгаа нь 1.8 их наяд төгрөгтэй харьцууахад өчүүхэн бага хэсэг юм. УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын баг байгуулсан ч тус ажлын баг бичиг баримт шалгахаас хэтрэхгүй, аж ахуйн нэгжийн нууцад хамаарах данс, тооцоог үзэх боломжгүй, зээл авсан компанийн удирдлагыг дуудаж уулзах, тодруулга авах эрх зүйн чадамжгүй" гэлээ. 


Тиймээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүд дэмжихийг уриаллаа. Тус хороо нь нотлох баримтыг шинжлэн судалж, дүгнэлт гаргах бөгөөд талуудын тэнцвэртэй байдлыг ханган нээлттэй сонсголыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулах, иргэний мэдэх эрхийг хангах боломжтойг онцлов. УИХ-ын Хянан шалгах хороог байгуулснаар, Хөгжлийн банкны асуудлаар холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг УИХ дээр дуудаж тайлбар мэдүүлэг авах, бодит мэдээллийг иргэдэд өгөх боломж бүрдэх ач холбогдолтойг дурдаад, "Тус хороо УИХ-ын 19 гишүүнтэйгээр ажиллах боломжтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тус хороог ил тод байгуулахад хамтран ажиллаж, ард түмний элчийн үүргээ биелүүлэхийг УИХ-ын гишүүддээ уриалж байна" хэмээв. 


Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагуудаас гадна иргэний нийгмийн байгууллагын 70 орчим төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ