Украинаас 41 монгол оюутан эх орондоо ирээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-24 18:19:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Украинд байгаа монгол оюутнуудаа эх оронд нь татан авах асуудлыг хэлэлцсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв. 


Украин улсад 68 монгол оюутан суралцаж, 22 иргэн байнгын оршин суудаг. Байнгын оршин сууж буй иргэдийн дийлэнх нь тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс бөгөөд нутаг буцах хүсэлтээ илэрхийлээгүй аж.


Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэнд суралцаж байгаа 68 монгол оюутантай ГХЯ-наас байнгын холбоотой ажиллаж, бусад улс, орнуудын адилаар нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул эх орондоо ирэх зөвлөмж хүргүүлсэн гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллийн эхэнд тодотгов. Одоогоор 41 оюутан эх орондоо ирээд байгаа бол үлдсэн 27 оюутан нь төгсөх анги, хэлний бэлтгэлд суралцдаг гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл шийдвэрээ гаргаж чадаагүй байсныг уламжлав.


Тэрбээр, "Монголын цагаар 12.00 цагийн үед довтолгоо эхэлсэн бөгөөд оюутнууд бүгд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийллээ. Нөхцөл байдал хүндэрвэл оюутнуудаа татан авах төлөвлөгөөг нэг сарын өмнө гаргасан. Энэ хүрээнд эхний ээлжинд энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалж, зардлыг нь төлөхөөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, шийдвэр гаргалаа. Зургаан оюутныг мөн ойрын үеийн нислэгт хамруулна. Хэрэв нислэг үйлдэх боломжгүй тохиолдолд газраар буюу Польш улсаар дамжуулах арга хэмжээ авна" хэмээв. 


ГХЯ-наас Улаанбаатар хотод суугаа Европын орнуудын ЭСЯ болон Европын орнуудад суугаа Монгол Улсын ЭСЯ-тай байнгын мэдээлэл солилцон ажиллаж байна. Украинаас иргэдээ нутаг буцаах улс орнууд ижилхэн нөхцөл байдалтай байгааг тэмдэглэж, тэдгээртэй мэдээлэл солилцож, туршлагыг судалж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотголоо. 


Одоогоор, Украин улсад олон улсын нисэх буудал ажиллахгүй, цэргийн обьектууд руу халдсан тухай мэдээлэл гараад байна. ГХЯ-наас Польш улсын Воршав хотод байгаа ЭСЯ-аараа дамжуулан цаг тутамд мэдээ авч байгаа бөгөөд монгол иргэн ямар нэгэн эрсдэлд орсон асуудал байхгүйг уламжлав. Түүнчлэн Украинд ямар нэгэн обьектод халдсан зүйл байхгүй ч иргэдээ хоргодох байр буюу метроны буудалд орохыг зөвлөж буйг дуулгав.


Тиймээс ГХЯ-наас монгол оюутнууддаа бичиг баримт, шаардлагатай эд зүйлээ биедээ авч явах, тухайн улсаас өгч буй зөвлөмжийг дагах, олноороо нийлж аюулгүй газарт хүрэх хүсэлтээ Украинд байгаа Өргөмжит консул болон Польш улсын ЭСЯ-нд хандан гаргахыг зөвлөж байгаа аж. 


Оюутнуудыг аюулгүй газар хүргэж өгөх ажлыг тус улсад байгаа Өргөмжит консул болон Польш улсын ЭСЯ хамтран зохион байгуулах юм. Тиймээс хувиараа автомашин, автобус хөлсөлж хил рүү явах зэргээр эрсдэлд орохгүй байхыг санууллаа. 


24 цагаар ажиллаж байгаа ГХЯ-ны Консулын хэлтэс болон Монгол Улсаас Польш улсад суугаа ЭСЯ, бусад эргэн тойрны бүх ЭСЯ-нд хандах боломжтойг мэдээлэлдээ тодотгов. 


Украин улсад Монгол Улсаас суух ЭСЯ байдаггүй бөгөөд өргөмжит консулаар украин иргэн ажилладаг. Тус улсад сурч, амьдарч буй Монгол Улсын иргэдийн асуудлыг Польш улсад суугаа Монгол Улсын ЭСЯ хамаардаг.


Ташрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр өглөө иргэддээ хандан үг хэлэхдээ, Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн бөгөөд Украиныг эзлэн түрэмгийлэх сонирхолгүй гэдгээ цохон тэмдэглэсэн юм. Гэсэн ч Украины хэд хэдэн том хотод дэлбэрэлтийн чимээ гарсан тухай дэлхийн хэвлэлүүд өнөөдөр мэдээлж эхэлсэн. Үүний дараа Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский "ОХУ манай цэргийн дэд бүтцэд цохилт өглөө” хэмээн мэдэгдэж, улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо зарласан юм. 


Донбасс дахь Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тэргүүн нар В.Путинд хандан Украины Зэвсэгт хүчнээс ирж буй түрэмгийлэлд хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал энэ сарын 23-нд ирүүлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21-нд салан тусгаарлагчдын БНДАУ, БНЛАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслах гэрээ байгуулаад байв.

Холбоотой мэдээ