ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах нээлттэй сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөллийг бүртгэж эхэллээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын баг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн. Ажлын багийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, өмнө нь оролцогчоор бүртгэгдсэн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11.00 цагаас хийхээр тогтсон юм.
Томилгооны сонсголд оролцохоор бүртгүүлэхдээ, “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар хүргүүлэх юм байна.
Мөн иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын багийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар илгээх боломжтой аж.