Б.Урантуул: Асрамжинд ирсэн иргэнийг бичиг баримттай болгох ажил хүндрэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-11 02:09:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газартай танилцах үүрэг бүхий ажлын баг өнөөдөр Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны “Тереза эх” асрамжийн төв, “Батгэрэлт-ирээдүй” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн ажилтай танилцаж, зарим асуудлыг нь шийдвэрлэв.


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тус ажлын багийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Ажлын багийнхан эхлээд “Тереза эх” асрамжийн төвөөр зочилсон юм.



Сүхбаатар дүүргийн 16-р хороонд байрлах Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн төв нь 2011 оноос ажиллаж буй. Тус асрамжийн төвд өнөөдрийн байдлаар, 21 ахмад настан байгаа аж. Жилд дунджаар 80 гаруй хүн асардаг байна. Түүнчлэн тус төвийнхөн гэртээ байгаа, асаргаа сувилгаа хэрэгтэй 1000 гаруй хүнд жил бүр хүмүүнлэгийн тусламж олгодог байна. Байрны хүрэлцээ, багтаамж бага байгаа, том байртай болчихвол олон хүнд тусламж үйлчилгээ хийх бүрэн боломжтой гэдгийг “Тереза эх” асрамжийн төвийн менежер Б.Урантуул ярьж байлаа.



Тэрбээр, “Манайх дэлхийн 134 оронд хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг байгууллагын салбар. Ватиканы төлөөлөгчийн газраас анх Монгол Улсад урьж оруулж ирсэн. Бид Монгол Улсаас ямар нэгэн дэмжлэг тусламж авдаггүй.  Бидэнд санхүүжилт гэхээсээ хороо, дүүрэг, шат шатны эмнэлгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал байна. Эрүүл мэндийн болоод иргэдийг бичиг баримтжуулах зэрэг үйлчилгээ хүндрэлтэй байдаг. Бичиг баримтгүй хүмүүс их ирдэг. Энэ хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдаг. Тиймээс хувийн эмнэлэгт очих шаардлага гардаг. Нэг иргэнийг бичиг баримтжуулах гээд гурван жил хөөцөлдөж байна” гэлээ.



УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Жаргалмаа, “Төрийн үйлчилгээг төрийн өмнөөс иргэдэд олгож байгаа учраас төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгөх, иргэдийг бичиг баримтжуулах тухайд анхааран ажиллах шаардлагатай байна. Хууль хэдий сайн ч хэрэгжих шатандаа хангалтгүй байна гэж үзэж байна. Эрүүл  мэнд, бүртгэл, нийгмийн даатгал зэрэг байгууллагын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Харж хандах хүнгүй, иргэний бүртгэлгүй иргэд ихээр ирдэг гэж байна. Цаашид эдгээр асуудлыг цэгцэлж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах болно” хэмээв.


Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт ажилладаг “Батгэрэлт-ирээдүй” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн ажилтай танилцлаа. Энэ төвд 17-94 насны 58 хүн байдаг аж. Анх 2009 онд ажлаа эхлүүлж ахмад настнуудад асрамжийн үйлчилгээ олгож байгаад 2011 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр, Батсүмбэр дэх улсын асрамжийн газраас хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэнийг авч асарснаар төрөлжсөн асрамжийн үйлчилгээг эхлүүлсэн байна. 



Тус газрын захирал Н.Роза, “Манай асрамжийн газрын байр түрээсийнх. Өөрсдийн байртай болох үүднээс Сонгинохайрхан дүүрэг, Тахилтад газар авч барилгын зураг төсөл гаргуулсан. Одоо барилгаа барихад олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт хамрагдахаас гадна төрийн дэмжлэг хэрэгтэй болоод байна. Мөн хөнгөлөлттэй эм бичих эрх гаргуулах, эмч сувилагч, асрагч нараа төрийн албаныхантай адилаар тэтгэвэрт гарахад тэтгэмж авдаг болгох тал дээр анхаармаар байна” хэмээн тулгамдсан асуудлаа ярьж байв.



ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, “Дүүрэг бүрд нэг асрамжийн газар хэрэгтэй байна. Цаашдаа дүүрэг бүр асрамжийн төв байгуулж түүнийгээ хувийн хэвшилд түншлэлээр шилжүүлээд явбал зөв. Эмч нарын асуудал хамгийн тулгамдаж байна. Асрамж, халамжийн үйлчилгээ олгож байгаа газруудад төрөөс хувьсах зардал олгож байгаа ч хүнд хүмүүстэй ажилладаг учраас ажиллах сонирхолтой хүн маш бага. Тиймээс нийгмийн асуудлыг нь шийдэж өгснөөр ажиллах хүч татах нэг хөшүүрэг болно. Үүнийг ажлын баг ярилцаад гарц шийдэл олж болох асуудал” гэв.


Мөн Эрүүл мэндийн яамнаас тус асрамжийн газрын эмчид нь хөнгөлөлттэй эм бичих эрхийг үүсгэн өгч асуудлыг нь шийдвэрлэлээ. Ингэснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмээ бичүүлэхийн тулд заавал харьяа хороо дүүрэг рүүгээ явах шаардлагагүй болж байгаа юм.



УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Асрамжийн газруудад гол тулгамдаж буй асуудал нь байрны асуудал байна. Мөн өвчлөл ихтэй байдаг учраас энд ажиллаж байгаа эмч нарт хөнгөлөлттэй эм бичих эрхийг нээж өгөх нь нэн чухал. Түүнчлэн ажиллах нөхцөл хүнд учраас энд ажиллаж байгаа хүмүүст тодорхой хэмжээний дэмжлэг тусламж олгодог байх шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд ажлын баг тодорхой шийдвэр, зөвлөмж гаргаад явна” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ