Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-04 13:03:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ.


Уулзалтаар, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны  10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана.

Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно. 

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож байгаа төлөөлөгчдийн тэргүүн нарт хүлээн авах хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцоно.

Холбоотой мэдээ