Якоб Стаусхолм: Монгол Улсад хөрөнгө оруулсан нь зөв шийдэл болохыг олон улсад харуулахыг хүсэж байна

Монголын мэдээ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-26 19:17:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа.


Уулзалтын эхэнд ноён Якоб Стаусхолм УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд түүний хүчин чармайлт чухал байсныг онцлов. 



Тэрбээр, “Рио Тинтогийн хувьд шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий ч эцсийн дүнд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, түншлэлийг бэхжүүлэх шийдэлд хүрсэнд баяртай байна. Мөн Монгол Улсад ардчиллын процесс хэрхэн өрнөж байгааг харахад таатай байна” гэлээ. Иймд УИХ-ын даргад бараалхсанаар талархал илэрхийлэх, төслийн талаар санал солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.



УИХ-ын дарга Г.Занданшатар, Оюу толгойн төслийн гүний уурхайг бүтээн байгуулах ажлыг эхлүүлсэнд баяр хүргэж, Монгол Улс гуравдагч хөрш орнуудтайгаа ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, “Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол ард иргэдийнхээ оролцоог хангасан, ашиг сонирхлыг нь хангахаар ажиллаж ирсэн. Иймд Оюу толгойн асуудлаарх Түр хороог УИХ-д байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулснаар ард иргэддээ тэнцвэржүүлсэн, үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьсон. Мөн хөрөнгө оруулагч талтай ил тод, нээлттэй хамтран ажиллаж, олон талт байр суурийг нэг талд гаргаснаар ардчиллын үнэт зүйлсэд хүрч чадсан юм” хэмээв.



Ноён Якоб Стаусхолм УИХ-ын даргатай санал нэг байгаагаа илэрхийлж, “Далд уурхайн бүтээн байгуулах ажлыг эхлүүлэх боломжийг олгосон нь маш том үүрэг хариуцлага. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсэж байна” гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар алсыг харсан, харилцан ашигтай байх зарчмыг гол тулгуур болгосон Рио Тинтогийн удирдлагуудад талархал илэрхийлж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед алсыг харсан бодлого чухал болохыг тодотгов.


Талууд УИХ-аас баталсан 103 дугаар тогтоолын хэрэгжилт, татвар, боловсон хүчин зэрэг бусад асуудлаар санал солилцов. 


Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.

Холбоотой мэдээ