С.Амарсайхан: Мэргэжлийн хяналтынхан иргэн, аж ахуйн нэгжийн зөвлөн туслагч байх ёстой

Монголын мэдээ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-25 15:41:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн дагуу шинээр томилогдсон даргад өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өгч, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар ажлын амжилт хүслээ. 



Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ын шинэ дарга болон нийт хамт олонд хандаж үг хэлэв. Тэрбээр, "Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх эрсдэлтэй байдгийг та бүхэн мэднэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Энэ мэт алдаа дутагдлыг арилгахын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамгийн ойрын зөвлөн туслагч, чиглүүлэгч нь байх ёстой. Төр бол ААН-үүдийн дарамтлагч биш, төрийн алба мэргэшсэн байх, төрийн хяналт шалгалтаар баталгаажсан үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх нь чухал" хэмээн онцолсон. 



Мэргэжлийн хяналтынхан авлигын үзүүлэлтээр хангалттай биш үнэлгээ авч байгаа учраас цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд хууль бус дарамт шахалт үзүүлсэн, өөрийн ашиг сонирхлын төлөө авлига, хээл хахууль нэхсэн зөрчил илэрвэл олон нийтэд зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Б.Баасандорж дарга болон бусад удирдлагуудад санууллаа.



Ташрамд дурдахад, Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэргээр төрийн албанд 20 орчим жил ажиллажээ. 

Холбоотой мэдээ