ОХУ тэргүүтэй эвсэлд нэгдэхийг Сири уриаллаа

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-02 09:20:27

НҮБ. /NHK/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ОХУ-Сирийн эвсэлд нэгдэхийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Фейсал аль-Мекдад орнуудад уриалав. Мөн тэрбээр, АНУ тэргүүтэй эвслийн үйл ажиллагаа үр дүнгүй байна гэж мэдэгджээ.

Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Фейсал аль-Мекдад NHK ярилцлага өгсөн байна.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд ОХУ агаараас цохилт өгснөөс хойш анх удаа Сирийн томоохон албан тушаалтан гадаадын хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ юм. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх Сирийн Засгийн газрын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна гэж ОХУ уг ажиллагаагаа тайлбарласан билээ.

АНУ тэргүүтэй эвслийн үйл ажиллагаа үр дүнгүй, харин ч “Лалын улс” болон бусад бүлэглэл хүчирхэгжиж байна гэж Мекдад мэдэгджээ.

ОХУ, Сирийн Засгийн газрууд болон армиуд бүрэн хэмжээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд террорист бүлэглэлүүдтэй тэмцэхэд ОХУ-ын агаарын цохилт үнэхээр үр дүнтэй байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, Сирийн Засгийн газартай холбоотой байгаа орнууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар Францын парламентын төлөөлөгчид Сирид айлчилж байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд