Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нартай уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт цэвэрлэх байгууламж барих төслийг тус улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэнэ. Харин зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллах юм.
Нийт 52,5 тэрбум төгрөгөөр барих 5 аймгийн цэвэрлэх байгууламжийн түншлэлийн толгой компани Польшийн “Эй Би Индастри” ХХК, Монголын талын зураг зохиогч, гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн уулзав.
Зураг төслийн гүйцэтгэгч байгууллагуудын хувьд технологийн шийдлийг ажлын даалгаварт нийцүүлэн, хоёр хувилбараар боловсруулж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, түншлэлийн толгой компаниас ирүүлсэн технологийн шийдлийг норм, дүрэм, стандартад нийцүүлэх, нэг ижил технологийн шийдэлтэй байхад анхаарахыг С.Магнайсүрэн зөвлөлөө.
Хэрэв ажлын даалгавар зөрчсөн тохиолдолд захиалагчид хандан
тухай бүрт нь шийдүүлэх, баталсан
төлөвлөгөөний дагуу ажиллах, хоцрогдол гарвал нөхөх тохируулга хийх, гарах
зардлыг анхны төсөвт өртөгт нь багтааж, нэмэлт зардал гаргахгүй байхыг санууллаа. Мөн ашиглагч байгууллага
нь орон нутаг учир ажиллах боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд анхаарахыг гүйцэтгэгч байгууллагуудад
үүрэг болгосныг БХБЯ мэдээлэв.