С.Батжаргал: Хотын хөгжлийг инженерүүд “хурдасгадаг”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-13 18:12:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-нд Эрдэнэт хотод “Эрдэнэт хот 45” 450 инженерийн зөвлөгөөн болно. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хотын хөгжилд инженерүүдийн оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжилд анхаарах асуудлын талаар хэлэлцэнэ. Энэ талаар аймгийн Засаг дарга С.Батжаргалаас тодрууллаа.


-Эрдэнэт хотын таван хүн тутмын нэг нь инженерийн салбарт ажилладаг. Та ч инженер мэргэжилтэй. Инженерүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж буй гол зорилго юу вэ?

-Эрдэнэт бол инженерүүдийн хот. Аливаа хотын хөгжил, цэцэглэлт инженерүүдийн ур ухаан, шинэ санаа санаачилга, ажил хэргээс ихээхэн хамаардаг. Тэр ч утгаараа тэднийг үргэлж сэдэлжүүлж, санаа бодлыг нь сонсон ажил хэрэг болгох нь чухал байдаг. Энэ үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Эрдэнэт хот улсдаа томоохонд тооцогдох инженерийн дэд бүтцийн байгууллагууд төвлөрсөн газар гэдгээрээ бусад аймаг, орон нутгаас онцлогтой.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт Ус” ДТС  ОНӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг томоохон байгууллагуудад инженерүүд ажиллаж байна. Тэдний төлөөлөл зөвлөгөөнд оролцож шинэ санаа санаачилга, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж бусадтай туршлага солилцоно. Мөн мод тарих, хог хаягдлын менежментийг сайжруулах, цахим үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хотод тулгамдаад байгаа ажлуудад инженерүүдийн саналыг тусгах, тэднийг татан оролцуулах шаардлага бий.  

Зөвлөгөөнд дэвшүүлсэн асуудал, шинэ шийдэл төсөл хөтөлбөрийг цаашид ажил хэрэг болгоход ихээхэн анхаарна. Тэгж байж 45 жилийн түүхтэй томоохон хотын хөгжлийг хурдасгах салбар бүрт шинэ, шинэлэг ажлуудыг зохион байгуулж хөгжлөөрөө манлайлах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Зөвлөгөөнөөс гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?  Мөн инженерүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд гол анхаарах зүйл?

-Инженерүүд ажлын найман цагаар ажиллахаас илүүтэй өөрийн чаддаг зүйлээ хийж түүгээрээ дамжуулан хөгжих боломжтой байх хэрэгтэй. Тиймээс  тэднийг сурч боловсроход нь цаг гаргах, дэмжих нь маш чухал. Хэнээс ямар ч  санал, санаачилга гарч болно. Бидний өдөр тутмын амьдралд инженерүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент гээд салбар бүрт ажилчдын ачааллыг бууруулах, илүү үр өгөөжтэй хэрнээ хялбар байдлаар асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг асуудлын зангилааг инженерүүд л гаргаж чаддаг. Иймд Эрдэнэт хотынхоо 45 жилийн ой, “Эрдэнэт хотын өдөр”-т зориулан энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. 

-Цаашид залуу инженерүүдийг  бэлтгэхэд  ямар бодлого баримталж байна вэ?

-Z үеийнхний мэдлэг чадвар арай өөр түвшинд байна гэж харж байна. Тэдний өсөж хүмүүжиж буй нийгэм өөрөө маш хурдацтай, цахим технологийн эрин үе учраас ирээдүйд мэдлэг ур чадвартай байхыг шаардаж байна. Энэ бүх зүйлд бид хүүхдүүдээ бэлдэх ёстой. Тэдний эрин үе ч байх ёстой. Тэгэхээр энэ чиглэлд боловсон хүчин бэлдэх, хүүхдүүдээ сургах ажлуудыг төсөл хөтөлбөр маягаар хийх, тэднийг цахим нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгөх хэрэгтэй.  Цахим үйлчилгээ ихэссэн энэ үед иргэн болгон тэгш оролцоотой байж мэдлэг мэдээлэл авч сурах шаардлага гарч байгаа. Тиймээс бид цахим дэд бүтэцтэй холбоотой хөтөлбөрийг батлуулсан нь бас инженерийн шийдэл рүү харж байгаа ажлын маань нэг юм.

-Энэ онд Эрдэнэт хот 45 жилийн насжилттай инженерийн шугам сүлжээгээ эхнээс нь солилоо. Энэ их том ажил байлаа.   

-Энэ онд  Эрдэнэт хотын түүхт 45 жилийн ой тохиож байна. Мөн орон нутгийн  шинээр томилогдсон хүмүүсийн ажлын гарааны жил байсан учраас хотынхоо цаашдын хөгжлийг хурдасгах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол өгч ажиллалаа. Үр дүн ч эхнээсээ гарч  энэ онд 1140 гаруй айлын орон сууцыг барих ажлыг эхлүүллээ.

Бусад аймгуудаас хоёроос гурав дахин их буюу 153 мянган мод тарилаа. Энэ ажил нь үндэсний хэмжээний Тэрбум мод” үндэсний хөтөлбөр эхлэхээс өмнө хийсэн ажил гэдгээрээ онцлогтой. Мөн олон төсөл хөтөлбөрийг хотынхоо анхаарлын төвд байлгаж чадлаа. Жишээлбэл, хотын хэмжээнд иж бүрэн үерийн үс зайлуулах далан барих, цэвэр агаарын технологи буюу нүүрс хэрэглэдэггүй эх үүсвэрүүдийн талаар судалгаа хийх ажлуудыг эхлүүлээд явж байна. Энэ мэтчилэн дээр дурдсан ажил бүрт инженерийн шийдэл чухал байдаг. Тиймээс л төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаа инженерүүдийн зөвлөгөөнийг хийх гэж байна. 

Холбоотой мэдээ