Путин, Байден нар Украины хил орчмын цэргийн үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-06 09:51:03

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын удирдагч Владимир Путин нар Украины эргэн тойронд хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг Цагаан ордон батлав. Хоёр удирдагчийн сүүлийн албан ёсны яриа долоодугаар сарын 9-нд болсон юм.


ОХУ Украин руу томоохон хэмжээний давшилт хийхээр бэлтгэж буйг нотлох баримт АНУ-д байгаа гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.


“Ерөнхийлөгч Путин халдан орохоор шийдсэн эсэхийг бид мэдэхгүй. Шийдвэр гаргавал тэрбээр богино хугацаанд үүнийг хийх боломжтой гэдгийг бид мэднэ. Тиймээс төлөвлөгөө, цаг хугацааны талаар тодорхойгүй байгаа хэдий ч бид урьдчилан таамаглаагүй бүх нөхцөл байдалд бэлтгэхийн зэрэгцээ Орос улсыг шийдвэрээ өөрчлөх тал дээр ажиллаж байна" гэж Блинкен НАТО-гийн орнуудын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна.


ОХУ-ын эрх баригчид ийм төлөвлөгөөг эрс няцааж байгаа бөгөөд харин Украиныг цэргээ зузаатгаж байна гэж буруутгаж байна.


Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки бямба гаргийн орой мэдэгдэхдээ, Байден "Украины хил дээрх ОХУ-ын цэргийн үйл ажиллагааны талаар санаа зовниж байгаагаа илэрхийлж, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ дэмжиж байгааг дахин нотлох бодолтой байна" гэжээ.


Цахим уулзалтын үеэр хоёр удирдагч мөн стратегийн тогтвортой байдал, кибер аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.


ОХУ хил орчмын бүсэд 94 мянга орчим цэргээ байрлуулж, мөн хуягт машин, радио электрон байлдааны системүүдийг илгээсэн гэж Украины эрх баригчид мэдэгджээ.


Энэ нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш ОХУ хил рүү их хэмжээний цэрэг илгээсэн тохиолдол юм.


Өмнө нь ОХУ энэ оны хавар Украины хилийн орчимд цэргээ байрлуулсан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлж байв.


Путин, Байден нарын зургаадугаар сард Женевт хийсэн уулзалтын дараа ОХУ цэргээ хилээс хэсэгчлэн татжээ.


Холбоотой мэдээ