Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурсан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 20 253 болж, өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)-өөр буурчээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 673 (5.8%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 181 (2.9%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 99 (11.7%), хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 70 (12.7%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 177 (68.6%)-гоор өссөн байна.
Харин энэ оны 10 дугаар сард 3376 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 434 (14.8%)-өөр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 409 (23.6%)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны
эхний 10 сард 141.5 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 63.8 тэрбум
төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 115.0 (44.8%) тэрбум төгрөгөөр
буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 3.1 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн гэж
ҮСХ-ноос мэдээллээ.