Дэлхийн ринг дээр өнөөдөр Х.Энхмандах тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-26 17:39:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн 2021 оны аварга шалгаруулах тэмцээн даваа гарагт Серби улсын нийслэл Белград хотноо эхэлсэн.


Өнөөдөр тус тэмцээний 51 кг, 80 кг-ын жингийн тулаанаар үргэлжлэх бөгөөд 51 кг-д КУХМ Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадатай тулалдахаар таарсан. Масуд 25 настай. Мэргэжлийн бокст нэг тулалдаж, ялалт байгуулсан юм байна. Тэд сарын өмнө Москвад болсон Армийн ДАШТ-д таарч, Монголын боксчин Х.Энхмандах ялж байв.


Тэрбээр Ю.Масудыг ялбал, Пуэрто-Рикогийн тамирчин Янкиэл Ривэра, Шотландын Леннон Маллиган нарын хэн ялсантай тулалдах юм.


“Белград-2021” ДАШТ-ний эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдсөн бөгөөд 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай эн тэнцүү тулалдсан ч шүүгчдийн 100 хувийн саналаар 0:5-аар ялагдсан юм.


Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг Гватемалийн тамирчин Карлос Тобартай тулалдаж, түүнийг 4:1-ээр илүүрхэн яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ний хүрэл медальт, Италийн Винченцо Манджакапретэй хүч сорино.

Холбоотой мэдээ