СЕХ Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-18 11:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхын санал авсан талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран уг сонгуулийн үр дүнг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.


СЕХ өнөөдөр хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний санал авсан Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь буюу 28 537 иргэний санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол баталсан байна. Уг тогтоолыг өнөөдөр УИХ-д танилцуулах аж. СЕХ-ноос нөхөн сонгуулийн саналын хуудсанд 100 хувь гар тооллого хийж баталгаажуулжээ.


Дээрх хоёр тойрог нийт 148 хэсгийн хороотой бөгөөд энэ сарын 10-нд зохион байгуулсан нөхөн сонгуульд 17 хэсгийн хороо нь 50+1 хувийн ирцэндээ хүрсэн юм. Ингэснээр, нийт ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд 131 хэсгийн хороонд явуулсан бөгөөд өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүс саналаа өгсөн. Ингэхдээ  тэдгээрийн саналыг өмнөх дүнд нэмж тооцсон юм.


Нэмэлт санал хураалтын эцсийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт ирц 48.89 хувь, Хэнтий аймагт 46.65 хувь байсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтад ирцийн босго тавьдаггүй бөгөөд иргэдийн нийт саналаас олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-д танилцуулдаг. Энэ дагуу СЕХ-ноос УИХ-д дүнг танилцуулж, Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм.


Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.


Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулсан юм.

Холбоотой мэдээ