Төмс 1044 тонн, хүнсний ногоо 2445 тонн хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-17 16:17:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд нийт 20804 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 24590.6 га-д буюу 3786.6 га илүү тариалалт хийжээ. Урьдчилсан байдлаар 16571.4 га-аас 26437.1 тонн буюу га-аас 16.0 цн улаан буудай хураан авах төлөвтэй байна.

Үүнээс 1840 тонныг нь ирэх оны тариалалтад,1200 тонныг нь үрийн нөөцөд, 1080 тонныг тэжээлд, 22317 тонныг гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа талаар Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд их, дээд сургуулийн удирдлагуудтай гэрээ байгуулан үр тарианы хураалтад уртын дадлагын найман оюутан, төмс, хүнсний ногооны хураалтад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түр ажилтан 84, цагдаагийн их сургуулийн 49 оюутан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 110 иргэн 4 аж ахуйн нэгж, 12 иргэний талбайд ажиллаж байна.

Төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил 0.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс төмс 58 га-аас 1044 тонн, хүнсний ногоо 118 га-аас 2445 тонн ургац хураан авсан байна.

Мөн төмс 501.3 га-аас 8271.4 тонн буюу га-аас 165 цн, хүнсний ногоо 1146 га-аас 16284.7 тонн буюу га-аас 14261 цн, 5730 га-аас 1833 тонн буюу га-аас 3.2 цн тосны ургамал, 992 га-аас 2084.3 тонн буюу га-аас 21 цн ургац хурааж авах урьдчилсан тооцоог гаргажээ.

Урьдчилсан байдлаар улаан буудайн ургац өмнөх оны гүйцэтгэлээс 10686 тонноор, төмс 1882 тонноор, хүнсний ногоо 2104 тонноор, тосны ургамал 409 тонноор, малын тэжээл 596 тонноор тус тус илүү ургац хураан авах урьдчилсан баланстай байна.

Уринш боловсруулалтыг өнөөдрийн байдлаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 51 аж ахуйн нэгж, 62 иргэн 9540.8 га талбайд хийжээ.

Намрын ургац хураалтад үр тарианы 45 комбайн, төмс хүнсний ногооны 28 хураагч техник ажиллахаар техник засварын ажил бүрэн хийсэн дүнтэй байна. Техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл хураалтыг цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 15-21 хоногт хийж гүйцэтгэхээр байна.

ХХААХҮЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу их, дээд сургууль, МСҮТ-дэд оюутан залуусыг ургац хураалтын ажилд уриалан, татан оруулахаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, урьдчилсан байдлаар үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгч 37 аж ахуйн нэгж, иргэнээс 1148 хүн ажиллуулах хүсэлт ирүүлснийг хүргүүлээд байна. 

Холбоотой мэдээ