Уур амьсгалын өөрчлөлт өргөн тархаж, хурдацтай эрчимжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-27 15:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэмтэд дэлхийн уур амьсгалын бүх төрлийн өөрчлөлтийг бүс нутаг бүрээр ажиглан хянаж байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний зөвлөлөөс мэдээлэв.


Уур амьсгалд ажиглагдсан олон өөрчлөлт хэдэн зуу, мянган жилийн турш урьд байгаагүй бөгөөд зарим өөрчлөлтийг хэдэн зуу, мянган жилд ч зосгоож чадахгүйд хүрсэн. Тухайлбал, далайн түвшний өсөлтийг нэрлэж болно гэж УАӨАЗГХМЗ-ийн нэгдүгээр ажлын хэсгийн “Уур амьсгалын өөрчлөлт 2021: Физикийн шинжлэх ухааны үндэслэл” тайланд дурджээ.


Гэхдээ дэлхий нийтээр яаралтай арга хэмжээ авч чадвал сүйрлээс зайлсхийх боломжтой. Хамгийн түрүүнд нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), бусад хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах нь уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлана. Агаарын чанарт үзүүлэх ашиг тус хурдан ирэх ч дэлхийн температур тогтворжихын тулд 20-30 жил шаардагдах аж.


“Хэрэв бид яг одоо хүчээ нэгтгэвэл уур амьсгалын сүйрлээс аврагдах боломжтой. Өнөөдрийн тайлан бидэнд хугацаа, хойшлуулах шалтгаан байхгүйг харууллаа гэж НҮБ-ын ЕНБД Антониу Гутерреш мэдэгдсэнийг ЦУОШГ-ын цахим хуудаснаа мэдээлжээ.


Дэлхийн ихэнх улс орон 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн нь энэ зуунд багтааж, дулаарлын өсөлтийг 2 градуст, цаашлаад 1.5 градуст барих зорилготой аж. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг огцом багасгах шаардлагатайг УАӨАЗГХМЗ-ийн тайланд тэмдэглэсэн байна. Мөн, хүн төрөлхтөн дэлхийн уур амьсгалыг өөрчлөгч гол хүч болж байгааг хөдөлшгүй баримтаар баталсныг эрдэмтэд мэдээлжээ.


Тайланд өгүүлсэн гол тоо баримтуудаас дурдвал:

-2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.09 градусаар нэмэгджээ.

-Сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун байв.

-Далайн түвшин одоогоор 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдлээ.

-1990-ээд оноос хойш мөнх цаст уулын мөсний хайлалт, туйлын мөсний багасалтын гол нөлөөлөгч нь хүн болохыг 90 хувийн магадлалаар тогтоов.

элхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж 1950 оноос улам нэмэгдэж, хүйтрэлт багассан нь статистикаар батлагджээ.


Энэ тайланд дурдсанаар ойрын жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт бүх бүс нутагт нэмэгдэнэ. Дэлхийн дулаарлын хэмжээ 1.5 градуст хүрэхэд хэт халалт нэмэгдэж, дулааны улирал урт, хүйтний улирал богино байх аж.


Дэлхийн агаарын температур 2 градусаар өсөхөд хэт халалтын улмаас хөдөө аж ахуйн салбар, хүний эрүүл мэндэд асар их аюул заналхийлнэ. Гэхдээ энэ нь зөвхөн температурын тухай биш юм. Уур амьсгалын өөрчлөлт нь бүс нутгуудад олон янзын өөрчлөлт авчирч байгаа бөгөөд цаашид дулаарах тусам нэмэгдэнэ гэдгийг онцолсон байна. 


Түүнчлэн, ойрын хэдэн арван жилд дэлхийн дулаарлын түвшинг 1,5 градуст барих шинэ тооцоог гаргажээ. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэн даруй, хурдан, их хэмжээгээр багасгахгүй бол дулаарлыг 1.5, бүр 2 градуст ч хязгаарлах боломжгүйг ч олж тогтоожээ.

Холбоотой мэдээ