Мэдээллийн Технологийн боловсрол, Аутсорсингийн төв байгуулах төслийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-13 21:20:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас 20 сая ам.долларын төсөв бүхий “Atal Bihari Vajpayee” Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төвийн барилгын ажлын газар хөндөх ёслолын ажиллагаа ШУТИС-ийн дэргэдэх Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн гадна талбайд боллоо.


Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


Уг төв нь 864м2 талбай бүхий 10 давхар байх юм. Энэтхэг улстай энэ төслийг хамтран хэрэгжүүлэх эхлэл 2012 тавигдаж байсан бол Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол улсад айлчлах үеэрээ энэ барилгын шавыг тавьж байсан юм. Энэ төв ашиглалтанд орсноор 700 гаруй хүний ажлын байр шинээр бий болох юм.




Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан, “Монгол улсад мэдээллийн технологи, аутсорсингийн төвийг байгуулах энэ ажил олон жил үргэлжилсэн төсөл билээ. Өнөөдөр ийнхүү бодит ажил болон хэрэгжиж байгаад маш баяртай байна.


Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны хамгийн том зорилтын нэг нь цахим үндэстэн болох мөн цахим засаглалыг нэвтрүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Энэ төслийн гол зорилго бол Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан төсөл байх болно гэж итгэж байна.


Мэдээллийн технологи гэдэг нь өөрөө улс үндэстний хоцрогдлыг арилгахад томоохон үүрэг гүйцэтгэдэг зүйл юм” гэв.




Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх, “Өнөөдрийн арга хэмжээ бол мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шавийг тавьж байна. Энэхүү санаачилга анх Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол улсад айлчлах үеэрээ хийсэн ажил юм.


Уг сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой болох юм. Энэтхэг-Монголын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй том төслүүдийн нэг юм.


Мөн энэхүү төсөлд Энэтхэгийн засгийн газраас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа. Мэдээж энэхүү төв нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн ирээдүйн хөгжилд мэргэжилтнүүдийг бэлтгэхэд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Энэхүү төв нь мэдээллийн технологийн, харилцаа холбооны технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Энэхүү төв нь 2022 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа юм. Монголын мэдээллийн технологийн салбар болон түүний хэрэгцээнд зориулагдан тусгайлан боловсруулсан Мэдээллийн технологи, харилцаа холбооны технологи, аутсорсинг чиглэлээр 16 төрлийн мэргэшсэн курст олон тооны бэлтгэгдсэн Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой болох юм.


Энэхүү төв нь 650 гаран ажлын байрыг бий болгох бөгөөд Монголын залуучуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих болон шинээр гарч ирж буй технологид суурилсан ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх болно.











Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ