Он гарсаар зэрлэг амьтан орж ирсэн 53 удаагийн дуудлага хүлээн авсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-13 14:33:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайх, гэмтэж бэртэх байдлаар хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгддэг.


2018 онд хот руу орж ирсэн амьтны 30 дуудлага ирсэн бол 2019 онд 43, 2020 онд 116 болж өссөн байна. Харин 2021 он гарсаар 53 удаагийн дуудлага хүлээн авсны дийлэнх хувийг хортой могойн дуудлага эзэлж байна.


2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг.


Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдол ажиглагдаж байна.


Иймд иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.



Холбоотой мэдээ